ВИДЕО: "Ногоон автобус"-ны хэргийг Ж.Сандагсүрэн "үүрэх"-ээр тохирсон байж магадгүй байна

ВИДЕО: "Ногоон автобус"-ны хэргийг Ж.Сандагсүрэн "үүрэх"-ээр тохирсон байж магадгүй байна

БНСУ-ын "Zyle daewoo" үйлдвэрээс "Евро 5" хөдөлгүүртэй, 100 ширхэг ногоон автобусыг энэ намар оруулж ирсэн ч "Евро 2" хөдөлгүүртэй, хуучин автобус болох нь тогтоогдсон. Үүнтэй холбоотойгоор Хотын дарга Д.Сумъяабазар, Түгжрэлийн сайд Ж.Сүхбаатар нар албан тушаалаасаа огцорч, "Тэнүүн-Огоо" ХХК-ийн захирал А.Ганхуяг болон Нийслэлийн нийтийн тээврийн газрын дарга С.Жавхлантбаатар 25 хүний яллагдагчаар татаад байгаа. 

Тэдний дөрөв нь Солонгосын иргэн, хоёр нь манай хувийн хэвшлийнх, 18 нь төрд ажиллагсад байгаа юм. Харин хэргийн гол эзэд байж болзошгүй Ж.Сүхбаатар, Д.Сумъяабазар нарын нэр энэ дунд байхгүй байгаа нь анхаарал татаж байна. 

ВИДЕО: 

Учир нь 2023 оны улсын төсөвт Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатарт 339 тэрбум 743 сая төгрөгийг УИХ-аас баталж өгсөн. Товчхондоо, Ж.Сүхбаатар 339 тэрбум төгрөгийн захиран зарцуулагч нь гэсэн үг. Энэ ч утгаараа тэрбээр энэ мөнгөнийхөө 318 тэрбумаар нь “Ногоон автобус” авч, 21 тэрбумаар нь Нийтийн тээврийн автопарк шинэчлэлд зарцуулсан. Харин 318 тэрбумаар автобус худалдан авах ажлын хэсгийг Д.Сумъяабазарын 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/1520 дугаартай захирамжаар байгуулсан байдаг. Энэ ч үүднээсээ Ж.Сүхбаатар, Д.Сумъяабазар нарыг "Ногоон автобус"-ны хэрэгт шалгагдах ёстой гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж буй. 

Харин өдгөө "Ногоон автобус"-ны хэргийг мартуулах, уг хэрэгт холбоотой зарим албан тушаалтнуудыг хэргээс мултлах ажиллагаа эхэлсэн байж болзошгүй байна. Ийнхүү өгүүлэхийн учир нь Хотын дарга Х.Нямбаатар саяхан хийсэн мэдээллийнхээ үеэр "ногоон автобус"-ны хэргийг бус 2009 онд 34 тэрбум төгрөгөөр худалдан авсан 400 автобусны асуудлыг сөхөж Х.Баттулга, С.Баярцогт нарыг буруутгасан. Гэтэл 34 тэрбум төгрөгөөр 400 автобус авахыг тухайн үеийн Ерөнхий сайд С.Баяр үүрэг болгож, шинэ автобусны улаан туузыг 2009 онд тухайн үеийн МАН-ын хотын дарга нар хайчилсан болж таарсан. 

Гэтэл үүнтэй зэрэгцээд Хотын орлогч асан Ж.Сандагсүрэн “300 тэрбумаар автобус худалдан авах захирамжид би гарын үсэг зурсан. АТГ-т шалгагдаж байгаа” талаараа мэдээлэл өгсөн байдаг. Энэ нь "Ногоон автобус"-ны хэргийг Ж.Сандагсүрэн үүрч гарахаар ах нартайгаа тохиролцсон уу гэх хардлагыг төрүүлж байгаа юм. Учир нь Х.Нямбаатар, Д.Сумъяабазар нар бол Сонгинохайрхан дүүргийн МАН-ын хорооны “амь нэгтнүүд”. Харин Ж.Сандагсүрэн бол тэдний улс төрийн карманых нь хүн, тэдний улс төрийн дүү нь. Магадгүй тэд Ж.Сандагсүрэнг Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, Хотын нэгдүгээр орлогч болтол нь албан тушаалд хүргэж, дэмжсэн. Иймд Ж.Сандагсүрэнд ах нарынхаа хэргийг үүрч, тэд ар талыг чинь бат даана гэж амалсан байж магадгүй юм.