Ч.Цогтжаргал: Албаны шалгалтаар цэрэг буруу зөрүүтэй харьцаа, хөндлөнгийн нөлөөтэй нас барсан гэдэг нь тогтоогдоогүй байна

Ч.Цогтжаргал: Албаны шалгалтаар цэрэг буруу зөрүүтэй харьцаа, хөндлөнгийн нөлөөтэй нас барсан гэдэг нь тогтоогдоогүй байна

Зэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хааж байсан цэрэг амиа алдсан харамсалтай хэрэг өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 13-ны өдөр гарсан байна. Тэгвэл тус хэргийн талаар Зэвсэгт хүчний жанжин штабаас мэдээлэл хийж байна. 

ШУУД: 

Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Ч.Цогтжаргал "Өнгөрсөн шөнө буюу арваннэгдүгээр сарын 11-12-ныг шилжих шөнө Зэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хааж байсан байлдагч амь насаа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Юуны өмнө байлдагчийнхаа ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлж байна. Энэ хэргийг хуулийн байгууллага шалгаж байгаа. Мөн уг харамсалтай хэрэгт холбоотойгоор тус цэргйин ангид дотоод хяналт шалгалтыг хийсэн. Өглөө 06 цаг 30 минутад энэ талаарх мэдээлэл надад ирсэн. Тус ангиас өгсөн мэдээллээр "Цэргийн ангид бос команд өгсөн ч талийгаач цэрэг босохгүй байсан. Очоод хартал цэрэг нас барсан байдалтай байсан. Тиймээс цэргийн ангийн эмч болон холбогдох хүмүүс очиж шалгахад "Цэрэг амиа алдсан байсан. Тиймээс цагдаагийн байгууллагад мэдэгдсэн" болохыг илтгэсэн. Талийгаач нас барахын өмнө орой нь бусад цэргүүдийн нэгэн адил амрах ёстой цагтаа амарсан байна. Одоогийн байдлаар үзлэг шалгалтын ажиллагаа явагдаж байгаа тул үүнээс өөр мэдээлэл өгөх боломжгүй байна" гэлээ.  

Мөн тэрбээр "Албаны шалгалтаар одоогийн байдлаар буруу зөрүүтэй харьцаа, хөндлөнгийн нөлөөтэй гэдэг нь тогтоогдоогүй байна. Хоол унд гээд бүхий л зүйлийг шалгаж байгаа. Хяналтын камер бүрэн ажилладаг. Энэ баримтуудыг цагдаагийн байгууллагад өгч шалгуулж байгаа. Мөн шүүх эмнэлэг хуулийн дагуу шалгалтын ажиллагааг явуулж байна. Бүх зүйл хуулийн дагуу шалгагдаж, дүгнэлт гарах болно" гэдгийг тодотголоо.  Яг одоо ЗХЖШ-аас талийгаачийн ар гэрийнхэнтэй нь уулзах гэж байгаа аж.