СУРВАЛЖИЛГА: Жолооч нар түгжрэлтэй уулзвар руу ногоон гэрлээр дайрч нэвтэрдэг нь зохиомол түгжрэлийг бий болгож байна /ВИДЕО/

СУРВАЛЖИЛГА: Жолооч нар түгжрэлтэй уулзвар руу ногоон гэрлээр дайрч нэвтэрдэг нь зохиомол түгжрэлийг бий болгож байна /ВИДЕО/

Бид "Түгжрэлийг шүүе" сэдвийн хүрээнд цуврал контент, сурвалжилга бэлтгэн хүргэж байгаа билээ. Тэгвэл энэ удаа зам, талбай гэхээс илүүтэй жолооч нарын ухамсрын асуудлыг хөндөхийг зорив. Учир нь замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар урд байгаа түгжирсэн замыг харсаар байж ногоон гэрэлд амжиж орохын тулд уулзвар руу дайрч орж, зохиомол түгжрэл үүсгэдэг гэдгийг албаны хүмүүс онцолж байгаа юм. Тиймээс бид Тээврийн цагдаагийн албатай хамтран бодит байдал дээр ямар байдаг гэдгийг гэдгийг сурвалжиллаа.

ВИДЕО:

-ЖОЛООЧ НАР: ЗАМЫН ТҮГЖРЭЛЭЭС БОЛЖ ДҮРЭМ ЗӨРЧДӨГ-

2023 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдөр 18 цаг 15 минут. "Гэсэр" сүмийн дөрвөн замын уулзварт хөдөлгөөн удааширч, "Бөмбөгөр" худалдааны төвийн чиглэл рүү урсах замын хөдөлгөөн түгжирчээ. Тэнд Тээврийн цагдаагийн алба хаагч хөдөлгөөн зохицуулалт хийж байв. Тухайн алба хаагчтай хоёр минут орчим ярилцах зуурт дөрвөн замын уулзвар бүх чиглэл рүүгээ хэсэгхэн хугацаанд түгжирч байгаа нь ажиглагдаж байлаа.

Үүний шалтгаан нь дээр дурдсан үндэслэл буюу өмнөх уулзвар түгжирсэн үед дараагийн уулзвараас нэвтэрч буй тээврийн хэрэгсэл орсноос хөндлөн урсгалыг таглаж зохиомол түгжрэл үүсгэдэг байна. Энэхүү үйлдлийг гаргасан тээврийн хэрэгслийн жолооч нар “Яарч яваа учир түгжрэл үүссэн гэдгийг харсан ч ногоон гэрэл ассан байсан учраас уулзвар нэвтэрлээ. Энэ нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж байгаа үйлдэл гэдгийг мэдэж байгаа. Гэхдээ нэг ч гэсэн улаан гэрлийн өмнө уулзвар нэвтэрвэл хүрэх газартаа хурдан очно гэж тооцдог. Өнөөдөр Улаанбаатар хотын автозамын ачаалал хэт их болж, хаа сайгүй түгжрэл үүсдэг нь жолооч биднийг дүрэм зөрчихөд хүргэж байна. Зам түгжирдэггүй бол заавал дүрэм зөрчөөд дайраад байх шаардлагагүй” гэгчлэнгийн тайлбарыг хэлж байв.

Угтаа Зам хөдөлгөөний дүрмийн 15.2 дахь хэсэгт “Уулзварыг бүрэн гүйцэд нэвтрэн гарах боломжийг хязгаарласан түгжрэл, саатал бий болсон үед жолооч (уулзвар нэвтрэх давуу эрхтэй буюу зөвшөөрсөн гэрэл дохио асаж байгаа эсэхээс үл хамааран) уулзвар руу орохыг хориглоно" гэж заажээ. Харин энэ зөрчлийг гаргасан тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 14.7.27 зааснаар "Жолооч замын хөдөлгөөний дүрэмд заасан хөдөлгөөнийг эхлэх, эсхүл хөдөлгөөний чиг өөрчлөх, эсхүл эгнээ байр эзлэх журам зөрчсөн бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох” хуулийн заалттай аж.

Б.ЭНХБОЛД: МОНГОЛ УЛСЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМД ТАНЫ ОРОХ ГЭЖ БАЙГАА УУЛЗВАР ГАЦААТАЙ БАЙВАЛ ЯВАХГҮЙ, ЗОГСОЖ БАЙХ ҮҮРЭГТЭЙ

Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах зохицуулагч ахмад Б.Энхболд хэлэхдээ "Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэмд таны орох гэж байгаа уулзвар гацаатай байвал явахгүй зогсож байх үүрэг жолоочид байгаа. Ингэснээр бусад хөндлөн замаар зорчих хөдөлгөөнд боломж олгодог. Мөн замын хөдөлгөөний дүрмээ сайтар баримталдаг жолооч нар уулзвар руу орохгүй зогсож байхад арынх нь машин дуут дохио өгч, бусдад буруу үлгэр дуурайлал үзүүлдэг. Энэ бол замын хөдөлгөөний соёлгүй үйлдэл юм. Жолооч нар яарч байгаа гэх шалтгааныг хэлдэг. Гэтэл нэг жолоочийн гаргаж буй буруу үйлдэл, хөдөлгөөнөөс бусад олон жолоочид саад учруулдаг гэдгийг ойлгож, бусдадаа хүндэтгэлтэй хандвал замын хөдөлгөөний түгжрэл багагүй хувиар буурах боломжтой" гэдгийг онцолж байлаа. Иймээс жолооч та бүхэн замын хөдөлгөөний дүрмээ баримтлан хөдөлгөөнд соёлтой оролцохыг уриалж байна.