БАРИМТ: “Тавантолгой түлш”-ийн Ц.Даваацэрэн худалдан авах ажиллагаа зохион байгуулалгүй 240 гэрээ байгуулж, 2,1 тэрбумын шууд худалдан авалт хийжээ

БАРИМТ: “Тавантолгой түлш”-ийн Ц.Даваацэрэн худалдан авах ажиллагаа зохион байгуулалгүй 240 гэрээ байгуулж, 2,1 тэрбумын шууд худалдан авалт хийжээ

“Эрдэнэт үйлдвэр”-ийн захирлаар ажиллаж байсан Ц.Даваацэрэнг өнгөрсөн оны дөрөвдүгээр сард “Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилсон.

Түүнээс хэдхэн сарын дараа буюу 2022 оны наймдугаар сарын 31-ний өдөр АТГ-аас түүний гэрт нэгжлэг хийж, таван тэрбумын авлигын хэрэгт шалгаж эхэлсэн гэх мэдээлэл цацагдаж байсан билээ. Тодруулбал, Ц.Даваацэрэнг зүүн бүсийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн бүтээн байгуулалтын хүрээнд баригдах төмөр замын ажлыг гүйцэтгэх тендер зарлаж, гэрээ байгуулахгүйгээр бусдад их хэмжээний мөнгө шилжүүлэх даалгавар өгч, улмаар ихээхэн хэмжээний хахууль авсан байж болзошгүй гэх хэргээр шалгаж байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байв. Харин уг хэрэг тэгсхийгээд намжсан байдаг. 

"Тавантолгой түлш" ХХК-ийн санхүүгийн тайлангийн аудит

Тэгвэл Ц.Даваацэрэнгийн толгойлж буй “Тавантолгой түлш” ХХК нь тухайн жилд санхүүгийн нэлээдгүй зөрчил гаргасан нь аудитын шалгалтаар ил болсон байна. Тухайлбал,  “Тавантолгой түлш” ХХК нь худалдан авах ажиллагаа зохион байгуулалгүй, шууд худалдан авалтаар 2,1 тэрбум төгрөгийн 240 гэрээ байгуулсан байжээ. Мөн санхүүгийн программ, автобусны түрээс зэрэг 386.7 сая төгрөгийн худалдан авалтыг тендер шалгаруулалт зохион байгуулалгүй шууд худалдан авсан болох нь аудитын шалгалтаар ил болсон байна. Түүнчлэн шилэн дансны нэгдсэн цахим хуудаст мэдээлбэл зохих 4,6 сая төгрөгийн орлогын таван гүйлгээ, 255.8 сая төгрөгийн зарлагын найман гүйлгээг мэдээлээгүй байсан аж. 

Үүгээр зогсохгүй Төрийн хэмнэлтийн тухай хууль зөрчиж, санхүүгийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөлгүй байгууллагатай гэрээ байгуулж, "Санхүүгийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх ажил гүйцэтгэх" авахаар 20 сая төгрөг, Мөн хувь иргэнтэй "Менежментийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх ажил гүйцэтгэх" гэрээ байгуулж, хийсэн ажлын тайланг үндэслэн 20 сая төгрөг шилжүүлсэн байжээ. 

Товчхондоо, “Тавантолгой түлш” ХХК нь худалдан авах ажиллагаа зохион байгуулалгүй, шууд худалдан авалтаар багагүй хэмжээний хөрөнгө гаргадаг болох нь аудитын шалгалтаар тогтоогдсон байна. Магадгүй өнгөрсөн жил Ц.Даваацэрэнг шалгаж байсан үндэслэл нь ч эдгээртэй холбоотой байхыг үгүйсгэхгүй юм. 




Өнөөдөр луу өдөр

3 цагийн өмнө