Н.Мишигдорж: Талийгаач цэргийн үхлийн шалтгааныг тогтоохоор цэргийн алба хаагчдын ундны ус, тухайн өдөр идсэн хоол зэргээс дээж авсан

Н.Мишигдорж: Талийгаач цэргийн үхлийн шалтгааныг тогтоохоор цэргийн алба хаагчдын ундны ус, тухайн өдөр идсэн хоол зэргээс дээж авсан

Зэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хааж байсан цэрэг амиа алдсан харамсалтай хэрэг арваннэгдүгээр сарын 13-ны өдөр гарсан байна. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албанаас мэдээлэл хийж байна. 

ВИДЕО:

Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Н.Мишигдорж "Арваннэгдүгээр сарын 13-ны өдөр Зэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хааж байсан цэрэг амиа алдсан асуудлаар прокурорын зөвшөөрснөөс мэдээлэл хийж байна. Цагдаагийн байгууллагын 102 дугаар утсанд 2023 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдрийн 06 цаг 21 минутад Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо Зэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хааж байсан цэрэг Д нас барсан байна гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Энэ дагуу Мөрдөн байцаах алба, Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс, НЦУГ-ын Шуурхай удирдлагын хэлтсийн үзлэгийн баг хэрэг явдал болсон газарт очиж, хэргийн газрын үзлэг хийж, мөрдөн шалгах, хойшлуулшгүй ажиллагаа явуулсан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа тасралтгүй явагдаж байна. Энэ хүрээнд гэрчүүдээс мэдүүлэг авах, тухайн анги байрлалд байгаа хяналтын камерт үзлэг хийх, талийгаачийн үхлийн шалтгааныг тогтоохоор шүүх шинжилгээний шинжилгээ хийх, цэргийн алба хаагчдын ундны ус, тухайн өдөр идсэн хоол зэрэгт шинжилгээ хийхээр дээж авсан" гэлээ.