ЦЕГ: Иргэн шүүхийн шийдвэрээр эмчлэгдэж байгаа, ор сураггүй алга болоогүй

ЦЕГ: Иргэн шүүхийн шийдвэрээр эмчлэгдэж байгаа, ор сураггүй алга болоогүй

“Архины албадан эмчилгээнд явсан хүү нь ор сураггүй болжээ” гэх мэдээллийн талаар цагдаагийн байгууллагаас тодруулга өгсөн байна.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс "Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны Хамтарсан багаас хорооны нутаг дэвсгэрт бүлэг бөөгнөрөл үүсгэдэг, байнга архидан согтуурдаг зарим иргэнийг 2023 оны тавдугаар сарын 2-ны өдөр дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмч нарын үзлэгт хамруулахад эмнэлгийн комиссын дүгнэлтээр иргэн Л нь согтуурах, мансуурах донтой гэж дүгнэгджээ.

Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2023 оны тавдугаар сарын 3-ны өдөр согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн дагуу албадан эмчилгээнд хамруулах шийдвэр гарч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүлээлгэж өгсөн байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Мансуурах, согтуурах донтой өвчтөнийг албадан эмчлэх албадан хөдөлмөр хийлгэх газар /Мааньт/-т энэ өдрийн байдлаар иргэн Л нь шүүхийн шийдвэрээр эмчлэгдэж байгаа ба ар гэртэйгээ холбоотой байгаа бөгөөд ор сураггүй алга болсон гэх мэдээлэл нь үндэслэлгүй.

Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт албадан эмчилгээг эмчлүүлэгчийн биеийн байдал, эмчилгээний үр дүнгээс шалтгаалан гурваас зургаан сар хүртэл, давтан эмчлүүлэх тохиолдолд зургаан сараас хоёр жил хүртэл хугацаатай хийнэ гэж заасан байдаг" гэжээ.