ШУУРХАЙ: Өмнөговийн газрыг БНХАУ-д өгсөн гэх худал мэдээллийг Фэйсбүүкт нийтэлж, бусдыг зэвсэгт тэмцэлд уриалсан иргэнийг цагдан хорьж, хэргийг Тагнуулаас прокурорт шилжүүлжээ

ШУУРХАЙ: Өмнөговийн газрыг БНХАУ-д өгсөн гэх худал мэдээллийг Фэйсбүүкт нийтэлж, бусдыг зэвсэгт тэмцэлд уриалсан иргэнийг цагдан хорьж, хэргийг Тагнуулаас прокурорт шилжүүлжээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Хятадаар ярьсан мэт болгосон хуурамч бичлэг өнгөрөгч амралтын өдрүүдэд олон нийтийн сүлжээнд цацагдсан. Харин тус хуурамч бичлэгийг хийж цацсан Монгол Улсын хоёр иргэнийг олж тогтоон, шалгаж байгаа талаар Ерөнхийлөгчийн Тамгын газраас өчигдөр /2023.11.20/ мэдэгдсэн. Учир нь Үндсэн хуулийн 36.2-д "Ерөнхийлөгчийн нэр төр, халдашгүй байдлыг хуулиар хамгаална" гэж заасан байдаг. 

Тэгвэл өнгөрсөн наймдугаар сарын 30 /2023.08.30/-ны өдөр олон нийтийн цахим сүлжээнд, "Өмнөговь аймгийн Гурвантэс сумын газар нутгийг БНХАУ-д өгч, улмаар тус улсын цэргийн анги Монголд орж ирсэн. Иймд иргэдийг зэвсэгт тэмцэлд нэгдэхийг уриалсан" агуулгатай худал мэдээллийг нэр бүхий иргэн олон нийтийн сүлжээ /facebook/-нд цацсан байдаг. Иймд тус мэдээлэл "Худал" хэмээн Хил хамгаалах ерөнхий газар болоод Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдэгдсэн юм.

Харин тус мэдээлэл нь иргэдийг өдөөн хатгасан, зориуд зохион байгуулалттай үйлдэл байж болзошгүй байсан тул Тагнуулын байгууллага шалгаж эхлээд байсан юм.

Тэгвэл тус худал мэдээллийг бэлтгэж, нийтэд түгээсэн нэр бүхий иргэнийг "Үндэсний эрх ашгийг хөндсөн, үндэсний эв нэгдлийг бусниулах, олон нийтийг өдөөн хатгасан шинжтэй ноцтой мэдээлэл тараасан" гэх үндэслэлээр Тагнуулын байгууллагаас мөрдөн шалгаж, улмаар хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлээд байгаа талаар эх сурвалж мэдээллээ.

Мөн тухайн хэрэгт холбогдон, шалгагдаж буй иргэнийг ШШГЕГ-ын харьяа Хорин 461 дүгээр ангид цагдан хорьж шалгаж байгаа бөгөөд түүнийг үргэлжлүүлэн цагдан хорих эсэх шүүх хурал өнгөрөгч Баасан гараг /2023.11.17/-т болж, "30 хоног үргэлжлүүлэн хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч" шийдвэрлээд байгаа аж.  

Эрүүгийн хуулийн 83 дугаар зүйлийн 83.1 дэх хэсэгт, "Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу байгуулагдсан төрийн тогтолцоог хүчээр өөрчлөх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг алдагдуулах зорилгоор зэвсэгт үймээн дэгдээсэн бол арван зургаагаас хорин таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заажээ. Мөн хуулийн  86 дугаар зүйлийн 86.1 дэх хэсэгт, "Хүмүүсийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, шашны үзэл номлолоор дайсагнуулах, эвдрэлцүүлэх зорилгоор ухуулга, сурталчилгаа явуулсан, ялгаварлан гадуурхаж, эрхийг нь шууд буюу шууд бусаар хязгаарласан буюу давуу байдал тогтоосон бол таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заажээ. 

Ямартай ч Фэйсбүүк орчинд Монгол Улсын үндэсний эрх ашгийг хөндсөн худал мэдээллийг тарааж, бусдыг тэмцэлд өдөөн хатгасан нэр бүхий иргэнийг Тагнуулын байгууллага шалгаад хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлээд байгаа ажээ. 




Өнөөдөр луу өдөр

2 цагийн өмнө