"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Ерөнхий захирлын үйлдвэр эрхэлсэн орлогч даргаар ажиллаж байсан Г нь тус үйлдвэрт ажиллаж байхдаа олсон хахуулийн мөнгөөрөө Английн Лондон хотод 4,5 тэрбум төгрөгийн үнэлгээтэй хоёр өрөө орон сууц худалдан авсан байсан нь илчлэгдэж, улмаар тэрбээр уг хэргээрээ зорчих эрхийг хязгаарлах ял сонссон талаар бид өмнө нь дэлгэрэнгүй мэдээлж байсан билээ.
АТГ-ын ажиллагааны үр дүнд Лондон хотод байрлах тухайн орон сууцыг "Эрдэнэт үйлдвэр"-т шилжүүлсэн байдаг. Харин Эрдэнэт үйлдвэр нь өөрийн нэр дээр шилжиж ирсэн 4,5 тэрбум төгрөгийн үнэлгээтэй Лондон хот дахь тус орон сууцаа бусдад түрээслүүлж байсан юм.
Тэгвэл тухайн орон сууцыг "зарлага их" гэх шалтгаанаар бусдад худалдан борлуулахаар болсон гэдгийг эх сурвалж мэдээллээ.
Тодруулбал, "Эрдэнэт үйлдвэр" нь Лондон хотод байрлах дээрх орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлж авахын тулд тухайн орон сууцны эзэмшигч болох “Монголиан Смелтинг корпорейшн” ХХК-ийг мөн шилжүүлэн авсан бөгөөд хуульчийн төлбөр, үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой орон нутгийн татвар, газрын татвар, бусад төлбөрт өнгөрсөн онд л гэхэд 300 орчим сая төгрөг төлсөн байна. Мөн тус байрыг түрээслэх гэрээг зуучлалын компанитай хийж, бусдад түрээслүүлдэг ажээ.
Гэтэл түрээсийн орлого нь зарлагаа нөхөхгүй, гадаад улсад байрших хөрөнгийг удирдах, менежмент хийх, хяналт тавих, тогтмол гардаг зардлуудыг нягтлахад хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн байна.
Тиймээс "Эрдэнэт үйлдвэр" уг орон сууцыг худалдан борлуулах саналыг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар болоод "Эрдэнэс Монгол" ХХК-д хүргүүлээд байгаа юм байна. Хэрэв дээрх газрууд нь тус саналыг хүлээж авбал Засгийн газрын тэмдэглэлд тусгаж, худалдан борлуулах аж.