"Газар орны нэр өөрчилсөн" гэх Баян-Өлгий аймгийн 14 албан тушаалтанд холбогдох хэргийг прокурорт буцаалаа

"Газар орны нэр өөрчилсөн" гэх Баян-Өлгий аймгийн 14 албан тушаалтанд холбогдох хэргийг прокурорт буцаалаа

"Газар орны нэр өөрчилсөн" гэх хэргээр яллагдагчаар татагдсан Баян-Өлгий аймгийн 14 албан тушаалтанд холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр /2023.11.27/ Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхэд болж, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх...” гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэлээ.

Тодруулбал, Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагч Д.Бауыржан, О.Нурлан, К.Хуаныш, А.Серикболат, А.Камелият, К.Бекжан, Т.Аршагүл, Ө.Хуралай, А.Гылымхан, К.Болат, С.Арман, Д.Есболат, Д.Ербол, С.Хонаев нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар яллагдагч, тэдгээрийн өмгөөлөгч нарын хүсэлтээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдааныг өнөөдөр товлосон. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанаар яллагдагч, тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “..шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх...” гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэлээ.

Хэргийн явцыг сануулбал, Нийслэлийн прокурорын газраас хууль бусаар газар орны нэр өөрчилсөн Баян-Өлгий аймгийн 14 албан тушаалтанд холбогдох хэрэгт Эрүүгийн тухай хуулийн 19.16 дугаар зүйлийн 1-д заасан "Хууль бусаар газар орны нэр өөрчлөх" гэж заасны дагуу яллах дүгнэлт үйлдэн, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн юм.