ШУУРХАЙ: Түүхийн дурсгалт зүйлийг Замын-Үүдийн шалганаар нэвтрүүлсэн бүлэг этгээдүүд прокурортой ял тохиролцож, шүүхээс тэнд торгох ял оноожээ

ШУУРХАЙ: Түүхийн дурсгалт зүйлийг Замын-Үүдийн шалганаар нэвтрүүлсэн бүлэг этгээдүүд прокурортой ял тохиролцож, шүүхээс тэнд торгох ял оноожээ

Өнгөрсөн гуравдугаар сард Монгол Улсын нэр бүхий иргэд нь бүлэглэж, Замын-Үүд боомтоор түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан хэрэг гарч байсан билээ. 

Тодруулбал, Л нь улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэрэг үйлдэхийг санаачилж, Э-д улсын хилээр эд зүйл нэвтрүүлсэнийх нь хариуд 1,000 юань өгөхөөр амлаж,  улмаар тухайн иргэн нь 2023 оны гуравдугаар сарын 22-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүдийн авто замын шалган нэвтрүүлэх боомтоор 1 ширхэг шавар бурхан, металл бурхад 7 ширхэг, илтгэл шастир 18 ширхэг, судар 5 ширхэг, ном 2 ширхэг, зоос 2 ширхэг зэрэг түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлсийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн.

Мөн Б гэгч нь дангаараа 2023 оны гуравдугаар сарын 04-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүдийн авто замын шалган нэвтрүүлэх боомтоор 3 ширхэг сангийн бойпор,  3 ширхэг бурхны гар, 2 ширхэг цайвар зоос, 1 ширхэг очир зэрэг түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлсийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн байдаг. 

Тэгвэл дээрх этгээдүүдэд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал энэ сарын 23-ны өдөр Дорноговь аймгийн Зам-Үүд сум дахь сум дундын шүүхэд болжээ. Улмаар Дорноговь аймгийн Замын Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос тус хэрэгт ял тохиролцож, улмаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Харин шүүх энэ дагуу хэргийг хянан хэлэлцээд дээрх шүүгдэгч нарт тус бүр 10 сая төгрөгөөр торгох ял оноосон байна. Харин хэрэгт эд мөрийн баримтаар хураагдагдсан үүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлсийг Монгол Улсын Соёлын яаманд шилжүүлэх шийдвэрийг гаргасан байна.