"Ногоон автобус"-ны хэргээр хоригдож байсан Төрийн алба хаагчдыг суллаж, "Тэнүүн-Огоо" ХХК-ийн А.Ганхуяг нарыг үргэлжлүүлэн хорьжээ

"Ногоон автобус"-ны хэргээр хоригдож байсан Төрийн алба хаагчдыг суллаж, "Тэнүүн-Огоо" ХХК-ийн А.Ганхуяг нарыг үргэлжлүүлэн хорьжээ

"Ногоон автобус"-тай холбоотой хэргээр 26 хүнийг яллагдагчаар татан мөрдөх шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа билээ. Тодруулбал, нийтийн албан тушаалтан 18, гадаад улсын иргэн дөрөв, хуулийн этгээдийн албан тушаалтан дөрөв байгаа. 

Эдгээрээс "Тэнүүн-Огоо" компанийн захирал А.Ганхуяг болон  тус компанийн захирал асан Ж.Эрдэнэбат, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын дарга Б.Түмэнжаргал, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын Худалдан авах ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Ш.Баярсүх нарын дөрвөн хүнийг анх цагдан хориод байсан. 

Тэгвэл Ж.Эрдэнэбат, Б.Түмэнжаргал, Ш.Баярсүх нар болон БНСУ-ын хоёр иргэнийг суллаж, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ аваад байгаа аж.

Харин "Тэнүүн-Огоо" компанийн захирал А.Ганхуягийн цагдан хорих хугацааг дахин нэг сараар сунгаж, үргэлжлүүлэх хорих шийдвэрийг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргасан байна.

Мөн өнгөрсөн аравдугаар сарын 31-ний өдөр Хотын дарга асан Ц.Батбаяртай хамт цагдан хоригдсон Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга асан Ч.Сайханбаярыг үргэлжлүүлэн хорьж, шалгаж байгаа аж. Харин "Ногоон автобус"-ны хэргээр анх саатуулагдах үедээ өөрийгөө хутгалж, хүнд гэмтээсэн С.Жавхлантбаатарт эрүүл мэндийн шалтгааны улмаас Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авсан бөгөөд тэрбээр гуравдугаар шатлалын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гэх мэдээлэл байна.