Баавгайн толгой, савар, арьсыг бусдад худалдахаар тээвэрлэсэн этгээдүүдийг яллаж, машиныг нь хураажээ

Баавгайн толгой, савар, арьсыг бусдад худалдахаар тээвэрлэсэн этгээдүүдийг яллаж, машиныг нь хураажээ

Хүрэн баавгайн толгой, савар, арьсыг бусдад худалдах зорилгоор тээвэрлэж явсан этгээдүүдийг илрүүлж, хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

Тодруулбал, Иргэн Д, С нар бүлэглэн ховор амьтны жагсаалтад багтсан хүрэн баавгайн түүхий эд болох эм бодгалийн толгой, дөрвөн ширхэг савартай арьсыг бусдад худалдан борлуулах зорилгоор Д-ийн эзэмшлийн 00-00 УАА улсын дугаартай Тоёото приус-30 маркийн тээврийн хэрэгсэлд хууль бусаар хадгалж, тээвэрлэжээ. Тус хэрэгт прокуророос иргэн Д, С нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.

Улмаар Эрүүгийн хуульд зааснаар ховор амьтны түүхий эдийн зүйлийг тусгай зөвшөөрөлгүйгээр хадгалсан, тээвэрлэсэн бол гэмт хэрэгт тооцохоор заасан байдаг. “Ховор амьтан” гэж тархац нутагтаа тоо толгой цөөрсөн, нөөц багатай, устаж болзошгүй амьтныг хэлдэг бөгөөд “Ховор амьтны жагсаалт”-д багтсан хүрэн баавгай, түүний түүхий эд болох эм бодгалийн толгой, 4 ширхэг савартай арьсыг зохих зөвшөөрөлгүйгээр хадгалсан, тээвэрлэсэн шүүгдэгч Д, С нарыг “Хууль бусаар ан агнах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэж, Эрүүгийн хуульд зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан шүүгдэгч Д-ийн эзэмшлийн 00-00 УАА улсын дугаартай Тоёото приус-30 маркын тээврийн хэрэгслийг хурааж, улсын орлогод оруулж шийдвэрлэв.