Прокуророос ХБ-ны хэрэг нь хэрэгсэхгүй болсон УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Г.Амартүвшин нарын шүүхийн шийдвэрт эсэргүүцэл бичжээ

Прокуророос ХБ-ны хэрэг нь хэрэгсэхгүй болсон УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Г.Амартүвшин нарын шүүхийн шийдвэрт эсэргүүцэл бичжээ

Прокурорын байгууллагаас Т.Бадамжунай, Д.Нямхүү нарт холбогдох хэргийн шүүхийн шийдвэрт эсэргүүцэл бичсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Тэгвэл прокурорын байгууллагаас шүүхээс гаргасан шийдвэрүүдийн эсрэг бичсэн эсэргүүцлүүдийг тоймлон хүргэж байна. 

  1. УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан З.Баянсэлэнгэ нарын хэрэг.

Тус хэргийг Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх цагаатгаж шийдвэрлэсэн. Прокуророос илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн хэмээн үзэж, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шүүхэд эсэргүүцэл бичсэн байдаг. Энэ хэрэг одоогоор шүүхээр хэлэлцэгдээгүй байна.

  1. Д.Кёкшүюзанбатбаяр нарт холбогдох хэрэг.

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг хэргийг хянан хэлэлцээд хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгаж шийдвэрлэсэн. Үүнийг прокуророос эсэргүүцэж, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр болсон. Хэргийн шүүх хурал өчигдөр буюу 2023 оны арванхоёрдугаар сарын 01-ний өдөр зарлагдсан боловч хойшилсон байна.

  1. “Жаст групп” ХХК-ийн захирал Ш.Батхүү нарт холбогдох хэрэг.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх энэ оны гуравдугаар сарын 15-нд хэргийг хэлэлцээд Ш.Батхүүгийн зарим хэргийг хэрэгсэхгүй болгож, гурван хүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, цагаатгаж шийдвэрлэсэн. Харин прокуророос уг шийдвэрийг үндэслэлгүй гэж үзээд, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүхэд эсэргүүцэл бичсэн. Харин Улсын дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх уг хэргийг өнгөрсөн зургаадугаар сарын 30-ны өдөр хэлэлцэж, Г.Амарбатад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан шийдвэрийг хүчингүй болгож, түүнд холбогдох хэргийг тусгаарлаж, мөн давж заалдах шатны шүүхээс Б.Мөнхжаргал, Г.Алтан, Э.Сүрэн нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,  тэднийг цагаатгаж шийдвэрлэснийг тус тус хүчингүй болгож, шийтгэх тогтоол магадлалд зохих өөрчлөлт оруулсан байна. 

  1. Автотээврийн үндэсний төвийн Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга К.Айдос нарт холбогдох хэрэг.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ оны тавдугаар сарын 05-ны өдөр уг хэргийг хянан хэлэлцэж, зарим шүүгдэгчийн хэргийг хэрэгсэхгүй болгож, зүйлчлэлийг хөнгөрүүлж шийдвэрлэсэн байдаг. Прокуророос шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, зүйлчлэлийг өөрчилж, ял хөнгөрүүлсэн нь үндэслэлгүй гэж үзэн эсэргүүцэл бичиж хүчингүй болгосон байдаг.

  1. Увс аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Ч.Чимэд нарт холбогдох хэрэг.

Хэргийг Увс аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд, нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан. Харин прокуророос нэгэнт хийгдсэн ажиллагааг дахин гүйцэтгэх боломжгүй хэмээн үзэж, эсэргүүцэл бичсэн байна. Гэвч Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс эсэргүүцлийг хүлээж аваагүй аж.

  1. Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирлын орлогчоор ажиллаж байсан Т.Батмөнх нарт холбогдох хэрэг.

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ оны есдүгээр сарын 15-нд хэргийг хэлэлцэж, Т.Батмөнхийн үйлдлийг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэсэн байна. Прокуророос үүнийг хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзээд тус аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичсэн байна. Одоогоор уг хэргийг шүүхээс хэлэлцээгүй байгаа аж.

  1. “Найман ишигний” гэх тодотголтой Л.Гэрэлзаяа нарт холбогдох хэрэг.

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны зургаадугаар сарын 26-ны өдөр хянан хэлэлцээд, хэргийн нэг холбогдогч болох Б.Даариймаагийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд прокуророос илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон гэж эсэргүүцэл бичиж уг шийдвэрийг  хүчингүй болгуулсан байдаг. Улмаар анхан шатны шүүхээс хэргийг дахин хянан хэлэлцэж, Б.Даариймааг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж шийдвэрлэв.

  1. Хоёр мянга гаруй иргэнийг хохироосон “Бэлтэс мөрөн” ХХК-ийн удирдлагуудад холбогдох хэрэг.

Хөвсгөл аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2595 иргэнд 48.5 тэрбум төгрөгийн хохирол учруулсан “Бэлтэс мөрөн” ХХК-д холбогдох хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар прокурорт буцааж шийдвэрлэснийг прокуророос үндэслэлгүй гэж үзэн давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичсэн байна. Улмаар Хөвсгөл аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр болсон юм.

  1. Б.Махбалд холбогдох хэрэг.

Багануур дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс иргэн Б.Махбалыг хорих ялаас хугацааны өмнө суллаж, хяналт тогтоож шийдвэрлэсэн. Үүнийг дээд шатны прокуророос үндэслэлгүй гэж үзэн Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд  эсэргүүцэл бичсэн юм.  Шүүх дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авч,  анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон.

  1. Бусдын толгой дээр халуун кофе асгасан Б.Ариунзаяад холбогдох хэрэг.

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг хэргийг хэлэлцээд, мөн адил нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан. Прокуророос шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичсэн боловч Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хүлээн авахаас татгалзсан байна.

  1. Хил хамгаалах ерөнхий газрын харьяа Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн Гашуун сухайтын авто замын шалган нэвтрүүлэх заставын хангалтын эрхэлсэн орлогчоор ажиллаж байсан Д.Хуяг-Очир нарын 24 хүнд холбогдох хэрэг.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг өнгөрсөн арваннэгдүгээр сарын 06-ны өдөр /2023.11.06/  хэлэлцэж, мөн л прокурорт буцаажээ. Үүнийг прокуророос үндэслэлгүй гэж үзэж, тус аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичиж хүргүүлээд байгаа аж.

  1. Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын дарга Д.Ганзориг нарт холбогдох хэрэг.

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ оны аравдугаар сарын 24-нд хэлэлцээд хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгаж шийдвэрлэсэн. Шүүх хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй гэсэн үндэслэлээр Дархан-Уул аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцэл бичиж хүргүүлжээ. Харин өдгөө шүүх хурал зарлагдаагүй байна.

  1. Хөгжлийн банкны 80 хүн 4 хуулийн этгээдэд холбогдох хэрэг.

Бүтэн гурван сарын хугацаанд үргэлжилсэн дээрх хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцэж, 32 хүн, 4 хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон эрүүгийн хариуцлага оногдуулж, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Н.Алтанхуяг, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нарын 48 хүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Прокуророос дээрх нэр бүхий 48 хүний хэргийг үндэслэлгүй хэрэгсэхгүй болгосон, мөн зарим шүүгдэгч нарт зорчих эрх хязгаарлах, торгох ял оногдуулсан нь үйлдсэн гэмт хэрэгт нь тохироогүй, ял хөнгөдсөн гэж Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичиж хүргүүлсэн байна.

  1. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ерөнхий захирлаар ажиллаж байсан Д.Нямхүү нарт холбогдох хэрэг.

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ оны арваннэгдүгээр сарын 09-нд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан.  Прокуророос хэрэгт нэмэлт ажиллагаа явуулах шаардлагагүй, байгаа нотлох баримтаар шийдвэрлэх боломжтой гэж үзэн эсэргүүцэл бичиж Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлсэн байна.