Г.Олонбаатар: Нүүдлээсээ ядарч, хоцорсон нэн ховор “Хонин тоодог” шувууг өвөлжүүлэхээр тэжээж байгаа /ВИДЕО/

Г.Олонбаатар: Нүүдлээсээ ядарч, хоцорсон нэн ховор “Хонин тоодог” шувууг өвөлжүүлэхээр тэжээж байгаа /ВИДЕО/

Говь-Алтай аймагт малчны хотонд хүүхэд дагаж ирсэн, устаж болзошгүй нэн ховор “Хонин тоодог” шувуу нүүдлээсээ үлдсэн тул өвөлжүүлэхээр Говь-Алтай аймгийн байгаль орчин аялал жуулчлалын газрын амьтны асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Онолбаатар тэжээж байна. Энэхүү “хонин тоодог” шувуу нь чийглэг орон буюу Хятадын өмнөд хэсэгт очиж өвөлждөг аж.

Г.Олонбаатарын тэжээж буй хонин тоодог шувуу нисэхгүй байгаа бөгөөд малын эмч үзээд гэмтэлгүй гэсэн бол судлаачид бага залуу бодгаль хангалттай тамир тэнхээ аваагүй байх магадлалтай гэж үзжээ. Иймд тус “Хонин тоодог” шувууг хүний гараас хараат бус байлгаж, хүн дасгахгүйгээр нүүдлийн шувууд ирэх хүртэл тэжээхээр болжээ. Иймд бид түүнтэй холбогдож “Хонин тоодог” шувууг хэрхэн тэжээж буй талаар ярилцлаа.

ВИДЕО:

 

-Юуны түрүүнд манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?

-Сайн байцгаана уу. Би Говь-Алтай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын амьтны асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Олонбаатар гэдэг хүн байна.

-Таны хувьд өмнө нь зэрлэг амьтан тэжээж байгальд нь тавьж байсан уу?

-Албан ажлын шугамаар гэмтсэн бэртсэн, өвчилсөн гээд зэрлэг амьтадтай үргэлж харьцах шаардлага гардаг. Мөн Халиун буга, Монгол тарвага нутагшуулах гэх мэт үйл ажиллагаанд бусад мэргэжлийн биологич, малын эмч нартай байнга хамтран ажилладаг. Шувуутай бол ховорхон харилцаж байсан энэ удаагийнх хоёр дахь нь болж байна. Монгол улсын хувьд БОАЖЯ, Олон улсын төслийн байгууллага, Эрдэмтэн судлаачдын баг зэрлэг амьтан аврах, асран хамгаалах стандартуудыг Хөхтөн шувуу, мөлхөгч гэх мэтээр боловсруулж MNS стандартуудыг батлан мөрдөж байгаа. Тэрхүү аргачлалаар тэжээж нүүдэл иртэл өвөлжүүлэх, дасгах гэж хичээж ажиллаж байна.

-Одоо нэг Хонин тоодог шувууг өвөлжүүлж байна гэж сонссон. Энэ шувууг анх хаанаас олов?

-Говь-Алтай аймгийн Рашаант багийн нутаг нэр бүхий малчны хотонд хонины хүүхэд дагаж ирсэн гэсэн. Ховор ангилалд багтдаг олон улсын хэмжээнд устаж болзошгүй нэн ховор ангиллын нүүдлийн шувуу юм билээ.

-Яагаад тэжээхээр болов? Өвөл хаана өвөлждөг шувуу юм бол?

-Устаж болзошгүй нэн ховор зүйлийн шувуу. Монголд ганцаараа идээшиж өвөлжих боломжгүй учраас өвөлжүүлэхээр болсон. Өвөлжилтийн хувьд зүүн болон төв, хойд аймгуудын нутгаар тариан талбайд зарим тохиолдолд өвөлждөг гэнэ. Мөн нүүдэллэж арай дулаан чийглэг, Хятад, ӨМӨЗО-д очиж өвөлждөг гэсэн мэдээлэл аваад байна аа. Манай аймгийн тухайд Жороо тоодог, Хонин тоодог аль аль нь зун, намар говийн бүсээр тааралддаг. Монгол улс гэлтгүй Төв азийн хэмжээн тархац нутаг хумигдаж байгаа, ховордож байгаа зүйл юм.

-Малын эмчид үзүүлсэн үү. Яагаад нүүдлээсээ үлдсэн юм бол?

-Нүдэнд ил харагдах бэртэл гэмтэл алга байна. Хөдөө айлд байхдаа нохойноос үргэж нисээд эргээд хүрээд ирж байсан гэж малчин хэлсэн учир далавч гэмтээгүй бололтой. Нүүдлээс хоцорсон тухайд гэмтэлгүй болохоор бага залуу бодгаль хангалттай тамир тэнхээ аваагүй байх магадлалтай гэж судлаачид хэлж байна лээ.

-Хонин тоодог тэжээхдээ хаанаас зааварчилгаа, мэдээлэл авч байна?

-Салбарын байгууллагууд, шувуу судлаачид, Биологичидтой л холбогдож мэдээлэл  зааварчилгаа авч байна. Яг миний тухайд Газарзүйч,  Биологийн ухаанаар мэргэшиж байгаа хүний хувьд мэдэхгүй, анхаарах зүйлс их гарч байна, Биологичид тэр дундаа шувуу судлаач багш, найз, хамтран ажиллагч нартайгаа зөвлөлдөж тусламж авч байна. Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн Хамгаалалтын захиргаанд мөн адил Жороо тоодог тэжээж байгаа юм байна лээ. Тиймээс тэдэнтэй зөвлөлдөж хэт дулаан байранд байлгахгүй, өдөр бүр наранд гаргаж, бага зэрэг махан гаралтай хүнс, буудай, талх гэх мэтээр тэжээх оролдлого хийж байна. Үржүүлгийн биш зэрлэг амьтан учир стресстэх, сандрах зан төлөв ажиглагдаж байгаа учир сагснаас нь гаргахгүй ажиглаж байна.

-Ер нь энэ шувууг гаршуулан тэжээдэг тохиолдол байдаг уу. Таны хувьд яаж тэжээж байгаа вэ?

-Миний авсан мэдээллээр Казакстан, Орос улсад судалгаа үржүүлгийн газрууд байдаг. /Жороо тоодог/ бөгөөд судалгаа үржүүлгийн зориулалтаар бөгжилж, камержуулж байгаль тавьж хянадаг юм байна. Тэр шувуудаас Увс аймагт нэг нь ирээд одоо тэжээж буй юм байгаа юм байна лээ.

-Юугаар хооллож байна. Хооллох хугацааны хувьд?

-Одоо бол тогтмол орчинд тохирсон цагаар хооллож дадах юу идэх сонирхолтой байгааг тогтоох чухал байна аа хэдийгээр гүрвэл, мэлхий шавж нялцгай биетэн иддэг гэх боловч үр тариа төрлийг зохих хэмжээгээр өгч махан гаралтай зүйл өдөрт нэг удаа багаар өгч байна. Ургамалын үндэс, үрээр голчлон хооллодог гэж заавар авсан. 6-16 кг хүрдэг нисдэг маш хүнд шувуудын тоонд ордог онцлогтой гэнэ.

-Шувууны зан араншин хувьд ямар вэ. Хүн хараад ямар үйлдэл гаргах уу?

-Хүн рүү дайрах зан төлөв гаргахгүй, нисэхгүй ч дөлж холдохыг оролдох, торноос гарах гэж хичээх байдал ажиглагдаж байна. Гараас хоол идэхүй ганцаараа тайван байх үедээ хооллож байна. Хүний гараас хооллох дасгахыг хичээхгүй байна. Аль болох өөрөөр нь байлгахыг хичээж байна. Хүний гараас хараат байвал буцаад тэр хэмжээгээрэй амьдрах чадвар нь муудна гэж үзэж байгаа.

-Хэдэн настай гэж тооцоолох боломжтой юу. Нас биед хүрсэн гэж үзэж байгаа юу?

-Судлаачид руу зураг дүрс явуулсан одоогоор тодорхойлоогүй байна. Таамаглаж байгаагаар эм залуу бодгаль болов уу.

-Байгальд нь тавих уу. Тавих бол хэзээ?

-Мэдээллээс үзэхэд Монголд гуравдугаар сарын сүүлээр ирж үрждэг юм байна. Тэр үе хүртэл тэжээхийг хичээнэ ээ.

-Шувууны хоол тэжээлийн зардал хаанаас гарч байна. Ховор амьтан тул холбогдох байгууллагаас дэмжлэг үзүүлж байгаа юу?

-Манай байгууллага орон нутгийн байгаль орчны салбар байгууллага учир  асуудлыг шийдвэрлэн ажиллаж байгаа.