Парламентад хэт олонх болсон МАН сүүлийн 8 жилийн хугацаанд зарим хуулийг өөрт ашигтай байдлаар өөрчлөх болсон. Тухайлбал, Монгол Улсын Үндсэн хуульд МАН хоёр удаа нэмэлт, өөрчлөлт оруулж Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил болгон нэмж, УИХ-ын гишүүдийн тоог 126 байхаар тогтсон.
Харин сүүлийн үед Засгийн газрын тэргүүн “шүүх байгууллагыг илт шүүмжлэх” болсон бол, УИХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшихээр горилж буй этгээд шүүхийн хараат байдалд нөлөөлөх эсэн хачин, жигтэй мэдээллийг ч хийдэг болсон. Хэрэвзээ Монгол Улсын шүүх байгууллага эрх баригчдын тушаал, заавраар шийдвэр гаргаад эхэлбэл энэ улсад “махны машин” ажиллаж эхэлнэ гэсэн үг.
-“ӨӨРИЙН ШҮҮХ, МАХНЫ МАШИН”-ТАЙ БОЛОХООР ШҮҮХИЙН ХУУЛЬД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТИЙГ ХИЙЖ БАЙНА УУ-
Тэгвэл энэ цагт Засгийн газраас “Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-ийг нэн яаралтай горимоор хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн бариад байна. Гэтэл тус хуулийн төсөлд “Авлига, албан тушаалын хэргийн дагнасан шүүх байгуулна” гэж тусгажээ. Улмаар авлигын хэргийг Анхан шатны шүүхээр хэлэлцдэг биш Давж заалдах шатны шүүхээр хэлэлцдэг болох юм гэнэ. Хэрэв энэхүү хуулийн төсөл батлагдвал МАН “өөрийн шүүхтэй” болж, өрсөлдөгчдөө яллах “махны машин”-тай болно гэсэн үг. Тодруулбал, ЖДҮ хулгай, Хөгжлийн банк, Боловсролын зээлийн сан, Нүүрсний хэрэг зэрэгт МАН-ын олон гишүүн нэр холбогдон шалгагдаж байгаа.
Харин Засгийн газраас өргөн барьсан “Авлига, албан тушаалын хэргийн дагнасан шүүх байгуулах” хуулийн төсөл батлагдвал эрх баригчид “өөрийн шүүхтэй” болж, улмаар Нүүрсний хулгай, Хөгжлийн банк, Боловсролын зээлийн сан зэрэг албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон гишүүдээ “гэмгүй” гээд суллаад явуулна.
Нөгөө талаар Монголын парламентын 30 жилийн түүхэнд нэг удаа ч удаа хууль батлах хэмжээнд олонх болж үзээгүй АН-ын зарим гишүүдийг Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь, Нүүрсний хэрэг зэрэгт буруутган нэрийг нь “юмны өмнө” нь цоллодог болсон. Тэгвэл тэд “Авлига, албан тушаалын хэргийн дагнасан шүүх байгуулах” хуулийн төслөө баталж аваад өрсөлдөгч АН-ын гишүүдэд ял өгч, “махны машин”-аа ажиллуулна гэсэн үг. Ердөө хоёрхон жишээ дурдахад л ийм байна. Иймд Засгийн газраас Монгол Улсын шүүх тогтолцоонд асар хортой хуулийн төслийг өргөн барьж, УИХ-аар хэлэлцүүлж байхад олон нийт үүнийг мэдэхгүй байна.
-ИЗРАИЛЫН ИРГЭД БА МОНГОЛЧУУДЫН АРДЧИЛЛЫН МЭДРЭМЖ-
Товчхондоо, шүүх засаглалыг өөрчлөх хуулийн төсөлд Израилын ард иргэд шиг монголчууд мэдрэг баймаар байгаа юм. Тодруулбал, Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийн өргөн барьсан “Шүүхийн шинэчлэлийн төсөл”-ийг тус улсын сөрөг хүчин болоод ард иргэд нь эсэргүүцэж, өнгөрөгч 3, 4 дүгээр сар /2023.03.04/-д тус улсын 150 хот суурин газарт 13 долоо хоног дараалан олныг хамарсан жагсаал цуглаан болсон.
Учир нь Израилын Ерөнхий сайдын өргөн барьсан шүүхийн шинэчлэлийн хуулийн төсөлд “Израилын парламент болох Кнессетэд Дээд шүүхийн шийдвэрийг энгийн олонхын саналаар хүчингүй болгох, мөн шүүхэд нэр дэвшүүлэх эрхийг Засгийн газарт олгох” зэрэг өөрчлөлтийг хуулийн төсөлд оруулсан байв.
Иймд тус улсын олон сая иргэд “Израил дарангуйлалтай болохгүй" гэсэн лоозон барьж, шүүхийн шинэчлэлийн төслөөс бүрмөсөн татгалзахыг шаардаж олон хоног жагссан юм. Эсэргүүцлийн жагсаалд оролцогсод Дээд шүүхийн эрх мэдлийг хумьснаар ардчилсан тогтолцоо аюулд орно гэж үзэж байв. Харин Израилын хэт барууны болон үндэсний үзэлтнүүдээс тогтсон Засгийн газар ардчилал улам бэхэжнэ гэж тайлбарлаж байна.
Мөн Израилын зарим иргэд тус хуулийн төсөл батлагдвал эх орноо орхино явна гэж мэдэгдэж байв. Ингээд Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху шүүхийн шинэчлэлийн төслийг батлах үйл явцыг түр хойшлуулах шийдвэр гаргасан. Гэтэл манай улсад эрх баригчид нь “өөрийн шүүхтэй, махны машинтай болох” болох хуулийн төслийг Засгийн газраараа өргөн бариулж, УИХ яаралтай горимоор хэлэлцэн батлах гэж байхад манай иргэд энэ талаар мэдээлэлгүй сууж байна.