Согтуугаар галт тэрэг жолоодож осол гаргасан галт тэрэгний машинч, инженер нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ

Согтуугаар галт тэрэг жолоодож осол гаргасан галт тэрэгний машинч, инженер нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Тавантолгой-Зүүнбаян" чиглэлийн төмөр замын Хулангийн шанд зөрлөгт энэ оны есдүгээр сарын 28 /2022.09.28/-ний өдөр галт тэрэгний зүтгүүр, 17 вагон замаас гарч унасан ноцтой хэрэг гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тодруулбал,“Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Зүүнбаян өртөөнөөс "Монголиан транс ложистик” ХХК-ийн зүтгүүртэй галт тэргээр машинч Х, туслах машинч Ц нар 17 вагонтой аялалд гарсан байна. Гэвч тус галт тэрэг Хулангийн шанд зөрлөгөөс гуравдугаар зам руу орох үедээ замаасаа гарч, осолдсон байдаг. Улмаар галт тэрэгний хурдыг хэтрүүлснээс осол гарах шалтгаан болсон. Мөн ослын улмаас нэг вагон сүйрч, дахин ашиглах боломжгүй болсон гэсэн дүгнэлт гарсан. 

Тэгвэл Тээврийн прокурорын газраас “М” ХХК-ийн зааварлагч машинч Ж.Д, зүтгүүрийн ашиглалтын инженер Ж.Э, галт тэрэгний машинч З.Х, туслах машинч Н.Ц нар нь  Зүүнбаян өртөөнөөс Хулангийн шанд өртөө орох замд эд зүйл тээвэрлэн явахдаа хөдөлгөөний аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг ноцтой зөрчсөний улмаас замаас гарч осолдон бусдын эд хөрөнгөд их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 27.2 дугаар зүйлийн 1 /Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн, усан онгоц, агаарын хөлгийн хөдөлгөөнд аюул учруулах/, 27.3 дугаар зүйлийн 1 /Төмөр замын, агаарын, усан замын тээврийн хөдөлгөөний ба ашиглалтын аюулгүй байдлын журам зөрчих/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.