"Вагон унагаж" осол гаргасан машинч, туслах машинч нарыг Б.Дэлгэрсайханы компанид их хэмжээний хохирол учруулсан хэмээн яллажээ

"Вагон унагаж" осол гаргасан машинч, туслах машинч нарыг Б.Дэлгэрсайханы компанид их хэмжээний хохирол учруулсан хэмээн яллажээ

Дорноговь аймгийн Сайншанд сумын V баг буюу олны нэрлэж заншсанаар Зүүнбаянгаас Хулан шанд зөрлөг хүрэх замд 2022 оны есдүгээр сарын 28-ны өдөр ачааны галт тэрэг осолдож, гурван хүн гэмтсэн бөгөөд тус хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. 

Тодруулбал, Тээврийн прокурорын газраас “М” ХХК-ийн зааварлагч машинч Ж.Д, зүтгүүрийн ашиглалтын инженер Ж.Э, галт тэрэгний машинч З.Х, туслах машинч Н.Ц нар нь  Зүүнбаян өртөөнөөс Хулангийн шанд өртөө орох замд эд зүйл тээвэрлэн явахдаа хөдөлгөөний аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг ноцтой зөрчсөний улмаас замаас гарч осолдон бусдын эд хөрөнгөд их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 27.2 дугаар зүйлийн 1 /Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн, усан онгоц, агаарын хөлгийн хөдөлгөөнд аюул учруулах/, 27.3 дугаар зүйлийн 1 /Төмөр замын, агаарын, усан замын тээврийн хөдөлгөөний ба ашиглалтын аюулгүй байдлын журам зөрчих/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. 

Ослын зураг

Тэгвэл тухайн осолдсон галт тэрэг нь УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайханы хамаарал бүхий “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийн охин компани болох “Монголиан транс ложистик”-ийн эзэмшлийнх байжээ.

Ачааны 6022 дугаар галт тэрэг тухайн үед 17 вагонтой явснаас 16 нь замаасаа гарсан байдаг. Энэ үеэр тус галт тэрэгний машинч, туслах машинч, вагон үзэгч гэсэн гурван хүн гэмтсэн байдаг. 

Өөрөөр хэлбэл, дээрх дөрвөн хүнийг эд зүйл тээвэрлэн явахдаа хөдөлгөөний аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг ноцтой зөрчсөний улмаас замаас гарч, осолдож, Б.Дэлгэрсайхан сайдын хамаарал бүхий компанид их хэмжээний хохирол учруулсан хэмээн яллагдагчаар тооцоод байгаа юм.