Б.Ганхуяг нүүрсний сонсголд оролцох хүсэлтээ илэрхийлжээ

Б.Ганхуяг нүүрсний сонсголд оролцох хүсэлтээ илэрхийлжээ

Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нүүрсний хэрэгт холбогдох нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол гурав дахь өдрөө үргэлжилж байна.

Сонсголын гурав дахь өдөр "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн нүүрс олборлолт, бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын талаар мэдээлэл сонсож, гэрчийн хариултыг авч байгаа юм. Иймд хоригдож буй "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг гэрчээр дуудсан. Гэвч Б.Ганхуяг сонсголд ирээгүй. Тэгвэл тэрбээр оролцох хүсэлтэй байсан ч оролцуулахгүй байгаа талаар өөрийн ах, эгчээр дамжуулан мэдээлжээ.

Түүний хүсэлтийг уншиж танилцуулав. Хүсэлтэд, "Б.Ганхуяг миний бие сонсголд гэрчээр дуудагдсан. Би өөрийн биеэр сонсголд гэрчээр оролцох хүсэлтэй байна. Би одоо Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхэд хүлээгээд сууж байна" гэжээ.

Үүний хариуд Хянан шалгах түр хорооны дарга, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр "Арваннэгдүгээр сарын 27-нд түр хороо хуралдаж, эхний сонсголд гэрчээр дуудах хүмүүсийг тогтоолоор баталсан. Үүний дунд Б.Ганхуяг бий. Уг тогтоолыг шүүх, прокурорын байгууллагад хүргүүлсэн. Б.Ганхуяг нь үдээс хойш яригдах асуудалд гэрчээр дуудагдсан. Прокурор бол энэ хүн шүүхийн шийдвэрийн дагуу хоригдож байгаа, шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлэх тул шүүхийн шийдвэрийг бид өөрчилж чадахгүй гэж мэдэгдсэн" гэлээ.