Б.Ганхуягийн эгч Б.Нарантуяа: Миний дүүгийн үснээс үхэлд хүргэх хэмжээний хүнцэл илэрсэн нь түүнийг хордуулсныг нотолж байна

Б.Ганхуягийн эгч Б.Нарантуяа: Миний дүүгийн үснээс үхэлд хүргэх хэмжээний хүнцэл илэрсэн нь түүнийг хордуулсныг нотолж байна

УИХ-ын Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах “Нүүрсний хэрэг”-ийн нээлттэй сонсгол өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилж байна.  Тус сонсголд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Ганхуяг гэрчээр оролцоно гэдэг мэдээлэл байсан ч Түр хорооны зүгээс оролцуулаагүй байна. Энэ асуудлаар Б.Ганхуягийн эгч Б.Нарантуяа, Б.Ганхуягийн хүргэн ах Д.Пүрэвдорж нар мэдээлэл хийлээ.

Б.Ганхуягийн эгч Б.Нарантуяа "Миний дүү есөн сар хоригдож байна. Энэ оны есдүгээр сар хүртэл биеийн байдал нь хэвийн байсан. Ноцтой мэдээлэл хийснээс долоо хоногийн дараа бие нь муудаж эхэлсэн. Есдүгээр сарын 23-нд даралт нь ихсэж, бөөлжсөн. Улмаар тав хоног 461 дүгээр ангийн эмнэлэгт хэвтсэн байдаг. Мөн Б.Ганхуяг долоо хоногийн өмнө "Сонгдо" эмнэлэгт дөрөв хоног хэвтсэн. Эрүүл ахуй, хор судлалын лабораторит өгсөн шинжилгээгээр маш ноцтой зүйл илэрсэн.

Тодруулбал, Б.Ганхуягийн үснээс авсан шинжилгээгээр хүнцэл, хар тугалга хэт өндөр хэмжээтэй буюу 9.6 хувийн хүнцэл илэрсэн. Энэ нь үхлийн хэмжээтэй тун юм байна. Хүнцэл гэдэг нь химийн маш хүчтэй хор.  Өөрөө эмчийн шинжилгээний дүнг бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрөхгүй байгаа ч эмнэлэг, эмчийн шинжилгээний дүгнэлтэд итгэх ёстой биз дээ. Миний дүүг хордуулсан байна гэж бид хардаж байна. 

Нүүрсний хулгайн гэх хэргийн гол гэрчийг устгахыг хүсэж байгаа байж магадгүй. Энэ хүний амыг хаах гэсэн бүлэглэл байна. Б.Ганхуягаар ерөөсөө үг хэлүүлэхгүй байгаа. Сонсголд оруулна гэсэн ч оруулсангүй. Б.Ганхуяг үхчихвэл хэргийн гол эзэд чимээгүй өнгөрнө гэж бодож байгаа байх. "Миний дүү биедээ анхаараарай, үхэж болохгүй шүү" гэж захиж байгаа. Бид өмнө нь Хүний эрхийн үндэсний комисст хандаж байсан. Энэ удаа олон улсын хүний эрхийн байгууллагуудад хандана" гэлээ.