"Б.Ганхуягийг сонсголд гэрчээр оролцуулахаар шүүхэд хандсан" гэж Б.Энхбаяр сайд худал хэлжээ

"Б.Ганхуягийг сонсголд гэрчээр оролцуулахаар шүүхэд хандсан" гэж Б.Энхбаяр сайд худал хэлжээ

Төрийн ордонд болж буй "Нүүрсний" гэх хэргийн хэргийн нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголд Эрдэнэс тавантолгой ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг оролцох хүсэлтээ гаргасан байдаг. 

Тэрээр хүсэлтдээ, "Б.Ганхуяг миний бие сонсголд гэрчээр дуудагдсан. Би өөрийн биеэр сонсголд гэрчээр оролцох хүсэлтэй байна. Би одоо Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхэд хүлээгээд сууж байна" гэсэн байдаг.

Харин үүний хариуд Хянан шалгах түр хорооны дарга, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр "Сонсголд гэрчээр дуудагдсан хүмүүсийн дунд Б.Ганхуяг байгаа. Б.Ганхуягийн сонсголд оролцуулах Хянан шалгах хорооны тогтоолыг шүүх, прокурорын байгууллагад хүргүүлсэн. Харин Прокурорын байгууллага Б.Ганхуяг шүүхийн шийдвэрийн дагуу хоригдож байгаа, шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлэх тул шүүхийн шийдвэрийг бид өөрчилж чадахгүй гэж мэдэгдсэн" гэсэн юм. 

Тэгвэл Б.Энхбаяр сайд Эрдэнэс тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б,Ганхуягийг сонсголд оролцуулахаар шүүхэд бичиг явуулсан гэж худал хэлсэн бололтой.

Учир нь Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өмгөөлөгч Б.Мөнхбатад өгсөн албан бичигтээ, “Монгол Улсын Их хурлаас байгуулсан хянан шалгах түр хорооноос шүүгдэгч Б.Ганхуягийг нүүрсний сонсголд гэрчээр дуудах талаар хүсэлт, албан бичиг ирүүлээгүй болно” гэжээ.