Б.Ганхуягийг нүүрсний сонсголд гэрчээр оролцуулах тухай албан бичгийг хүргүүлсэн ч шүүх татгалзсан тухай бичгийг Б.Энхбаяр сайд ил болгожээ

Б.Ганхуягийг нүүрсний сонсголд гэрчээр оролцуулах тухай албан бичгийг хүргүүлсэн ч шүүх татгалзсан тухай бичгийг Б.Энхбаяр сайд ил болгожээ

"Нүүрсний" гэх хэргийн хэргийн нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголд Эрдэнэс тавантолгой ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг оролцох хүсэлтээ гаргасан байдаг. 

Харин үүний хариуд Хянан шалгах түр хорооны дарга, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр "Сонсголд гэрчээр дуудагдсан хүмүүсийн дунд Б.Ганхуяг байгаа. Б.Ганхуягийн сонсголд оролцуулах Хянан шалгах хорооны тогтоолыг шүүх, прокурорын байгууллагад хүргүүлсэн" гэжээ. Тэгвэл Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өмгөөлөгч Б.Мөнхбатад өгсөн албан бичигтээ, “Монгол Улсын Их хурлаас байгуулсан хянан шалгах түр хорооноос шүүгдэгч Б.Ганхуягийг нүүрсний сонсголд гэрчээр дуудах талаар хүсэлт, албан бичиг ирүүлээгүй болно” гэсэн байна. 

Тэгвэл үүнд ХЗДХ-ийн сайд, Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр, “УИХ-ын хяналт шалгалтын Түр хорооноос 2023.11.29-ний өдөр Монгол Улсын Ерөнхий прокурорт шүүгдэгч Б.Ганхуягийг УИХ-ын нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголд гэрчээр оролцуулах тухай албан бичгийг хүргүүлсэн.

2023.11.30-ний өдөр Ерөнхий прокуророос Б.Ганхуяг нь шүүхэд хэрэг нь шилжсэн бөгөөд прокурорын байгууллага шийдвэрлэх боломжгүй бичиг ирүүлсэн.

Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар шүүхэд хэрэг нь шилжсэн, шүүн таслах ажиллагаанд Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, төр, нам, иргэн хэн боловч хөндлөнгөөс оролцохыг хориглосон бөгөөд шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ гэж заасан. Үндсэн хуулийн энэ заалт бүгдэд, тэр дундаа УИХ-ын гишүүнд ч хамаатай. Шүүхийн шийдвэр, шүүн таслах ажиллагаанд хөндлөнгөөс намайг оролцуулахад түлхэж Монгол Улсын Үндсэн хууль зөрчүүлэх үйлдэл хийлгэх санаархалд би автахгүй. Энэ нь гэмт хэрэгт тооцогддог. Үндсэн хуулийн зүйл, заалт, үг үсгийг би хэн нэгнээр заалгахгүйгээр мэднэ. Шүүхээс УИХ-ын гишүүн С.Ганбаатарт ч Үндсэн хуулийн дээрх заалтыг сануулж шүүгдэгч Б.Ганхуягийг УИХ-ын нээлттэй сонсголд гэрчээр оролцуулах асуудлыг шүүх шийдвэрлэх боломжгүйг бичгээр ирүүлсэн байна” гэж дараах баримтыг хавсаргажээ.