Н.Өнөрцэцэгт “хэрэг овоолж” байгаа нь Беларусын сэтгүүлч Роман, Ираны Зам нарт тохиолдсон явдалтай төстэй байгаа тул Монгол Улсын гадаад нэр хүнд унаж магадгүй

Н.Өнөрцэцэгт “хэрэг овоолж” байгаа нь Беларусын сэтгүүлч Роман, Ираны Зам нарт тохиолдсон явдалтай төстэй байгаа тул Монгол Улсын гадаад нэр хүнд унаж магадгүй

Энэ долоо хоногт олон хүний анхаарлыг татсан нэг сэдэв нь Zarig.mn сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг цагдан хорьсон явдал байлаа. Дэлхийд хамгийн хүнд, хэцүү ажлын тоонд “сэтгүүлч” гэсэн мэргэжил ордог. Тодруулбал, зарим улс орны улс төрчид өөрсдийнхөө хийж буй хууль бус бусармаг зүйлийг олон нийтэд ил болгохгүй байхыг зорихдоо зарим сэтгүүлчдийг хахуулдан өөртөө урвуулж, заримд нь хэрэг овоолж байгаад шоронд хийж, болохгүй бол устгаж хороосон түүх олон байдаг. 

Энэ утгаараа сэтгүүлч Н.Өнөрцэцэгт тохиолдоод буй явдал нь Олон Улсын сэтгүүлчдийн холбооны хараанд орж, цаашлаад Монгол Улсын сүүлийн хэдэн жил олж авсан гадаад харилцааны нэр хүндэд ч сөрөг нөлөө үзүүлж магадгүй юм. 

-СЭТГҮҮЛЧ Н.ӨНӨРЦЭЦЭГТ ХЭРЭГ ОВООЛЖ БАЙГАА НЬ NEXTA СУВГИЙН РОМАН, AMADNEWS САЙТЫН Р.ЗАМД НАРТ ТОХИОЛДСОН ЯВДАЛТАЙ ТУН ТӨСТЭЙ БАЙНА-

Учир нь сэтгүүлч Н.Өнөрцэцэгт тохиолдоод байгаа явдал нь зарим талаар дэлхийн бусад улс орны сэтгүүлчдэд тохиолдсон харамсалтай явдлуудтай тун төстэй байна. 

Тухайлбал,  Беларусын ерөнхийлөгч А.Лукашенкогийн дэглэмийг хүчтэй шүүмжилдэг “NEXTA” мэдээллийн сувгийг ажиллуулдаг Роман Протасевич 2020 онд Польш улсаас “улс төрийн орогнол” хүссэн байдаг. Учир нь түүнд 2018 онд Беларусын ерөнхийлөгч А.Лукашенкогийн нэр хүндэд халдсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн юм. Улмаар Роман Протасевичыг Беларуст шилжүүлэн өгөхийг удаа дараа шаардсан боловч, Польшийн тал хариу өгдөггүй байсан гэдэг. Улмаар Роман Протасевич 2021 онд найз бүсгүй Сапегагийн хамт Грекийн Афин хотоос Литвын Вильнюс хот руу Ирландын “RyanAir” компанийн онгоцоор нисэж явахад нь Беларусын тал бүрэн зэвсэглэсэн сөнөөгч онгоц хөөргөн, RyanAir компанийн онгоцонд “тэсрэх бөмбөг байж болзошгүй” гэсэн хуурамч дохио өгч, буулгаад “NEXTA” мэдээллийн сувгийн редактор Роман Протасевичийг баривчилж олон тооны хилс хэрэг тулгасан байдаг. Харин Беларусын энэхүү үйлдлийг буруутгаж АНУ, Европын Холбооны зүгээс хориг арга хэмжээг тус улсад авсан. 

Ираны сэтгүүлч "AmadNews" веб сайтыг үүсгэн байгуулагч Рухолла Замд хилс хэрэг тулгаж 2020 онд цаазаар авсан. Тэрээр хилийн чанадаас үйл ажиллагаа явуулдаг Ираны алдартай сэтгүүлч, олон нийтийн сүлжээний хамгийн олон дагагчтай инфлюнсер нэгэн байсан бөгөөд Франц улсад байнга оршин суудаг байсан юм. Харин Ираны тусгай албаныхан Р.Замд “онцгой улс төрчтэй ярилцлага хийх худал урилга” илгээж түүнийг Иракт ирэхэд нь баривчилсан байдаг. Ингээд түүнд тулгасан “хилс хэргүүдийг хүлээхгүй бол суллаж чадахгүй” хэмээн итгүүлэн, худал хэлж хэрэгт унагаад Ираны шүүхээс Р.Замд цаазын ял оноож, 2020 онд дүүжилсэн байдаг. Дараа нь түүний хилс хэргүүдээ хүлээж буй шүүх хурлын бичлэгийг улс орон даяар Ираны эрх баригчид цацсан гэдэг.

Р.Замыг цаазалсан явдлыг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш эрс буруушааж, “Ажлаа хийснийх нь төлөө ямар ч сэтгүүлчийг баривчилж, цаазлах ёсгүй” хэмээн мэдэгдсэн байдаг.

ВИДЕО: Р.Замд тулгасан хилс хэргийг шүүж буй бичлэг

Мөн Туркийн нийслэл Истанбул хотод байрлах Саудын Арабын консулын газарт Вашингтон Пост сонины сэтгүүлч Жамаль Хашогги хувийн бичиг баримтаа хөөцөлдөхөөр ороод эргэж гарч ирээгүй. Жамаль Хашогги нь Саудын Арабын эрх баригчдыг хүчтэй шүүмжилдэг нэгэн байсан бөгөөд тэрээр 2018 Истанбул дахь Саудын Арабын консулын газарт ороод амиа алдсан юм. Түүний цогцос олдоогүй бөгөөд Жамаль Хашоггийн цогцсыг тусгай уусгагч бодис хийн ул мөргүй болгосон гэдэг. Харин уг хэргийг 15 гишүүнтэй бүлэглэл үйлдсэн гэдгийг Туркийн хууль сахиулагчид тогтоосон бол олон улсын шинжээчид Саудын Арабын эрх баригчдын захиалгаар энэхүү хэрэг үйлдэгдсэн гэдэг.

-ZARIG.MN САЙТЫГ ХААСАН АЛБАН ТУШААЛТАН “ИРГЭНИЙ МЭДЭЭЛЭЛ ХҮЛЭЭН АВАХАД СААД УЧРУУЛСАН” ГЭЖ ЭРҮҮГИЙН ХУУЛИАР ШАЛГАГДАХ УУ-

Тэгвэл Zarig.mn сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг “Шүүхэд нөлөөлсөн байж болзошгүй” гэсэн хэргээр шалгаж хилийн хориг тавьсан хэр нь, үргэлжлүүлээд энэ хэргээр цагдан хорих шийдвэр гаргасан явдал нь “нэг хэргээр хоёр ялласан явдал” хэмээн зарим иргэд шүүмжилж байгаа юм.

Мөн хууль сахиулах байгууллагаас, “Н.Өнөрцэцэгийг мэргэжлийн үйл ажиллагаатай нь холбоотой бус хувь хүнийг нь шалгаж байгаа” гэж мэдэгдсэн. Гэтэл прокурор, цагдаагийн байгууллагын шийдвэрт үндэслэж Харилцаа холбооны зохицуулах хорооноос Zarig.mn сайтын хандалтыг тодорхой хугацаанд хязгаарласан нь Үндсэн хуулийн 16.16-д заасан “Итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөтэй” гэснийг ноцтой зөрчсөнөөс гадна, Эрүүгийн хуулийн 14.2-д заасан “Мэдээлэл хайх, хүлээн авахад саад учруулах” 14.3-д заасан “Үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдах” гэсэн зүйлд ангид хамаарах гэмт хэргийг зарим албан тушаалтнууд үйлдсэн байж болзошгүй байгаа юм.

Мөн албан бус зарим эх сурвалжууд, “сэтгүүлч Н.Өнөрцэцэгт гаргах гомдол нэмэгдэн түүнд хэрэг овоолж байж магадгүй байна” гэсэн мэдээллийг өгч байна.

ВИДЕО: Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр анги руу авч явав

Энэ нь Беларусын сөрөг хүчний сэтгүүлч Роман Протасевич, Ираны сэтгүүлч Рухолла Зам, Вашингтон Пост сонины сэтгүүлч Жамаль Хашоггид тохиолдсон харамсалтай явдал Н.Өнөрцэцэгт тохиолдож магадгүй, улмаар түүнийг шалга, “далд хий” гэсэн тушаалтыг хэн нэгэн өндөр албан тушаалтан дээрээс өгөөд байна уу гэх хардлагыг төрүүлж байгаа юм.

Энэ бүхэн нь Монгол Улсын сүүлийн жилд олж авсан гадаад харилцаанд сөргөөр нөлөөлж болзошгүй юм. Учир нь энэ онд манай улсад Польшийн Ерөнхийлөгч А.Дуда, Ромын Пап Францис, Францын Ерөнхийлөгч Э,Макрон айлчилж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар ч Франц, АНУ, БНСУ зэрэг орнуудад хийсэн айлчлал нь амжилттай болоод байгаа юм. Тэгвэл 2022 оны байдлаар Монгол Улсын хэвлэлийн эрх чөлөөний индекс дэлхийд 22 байраар ухарч, 90 дүгээрт эрэмбэлэгдээд байна. Харин сэтгүүлчдэд хамгийн ээлгүй орноор Мексик, Филиппин зэрэг улс орнууд тэргүүлж байгаа бол эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй сэтгүүлчдийн тоогоороо Беларус, Иран гэсэн улсууд дэлхийд тэргүүлж байна.