Телеграммын чат групптээ А.Козлов “Монголд нийлүүлэх цахилгааныг ойрын үед хязгаарлахгүй” гэж бичсэн болохоос ОХУ-ын ЗГ-аас албан ёсоор мэдэгдээгүй байна

Телеграммын чат групптээ А.Козлов “Монголд нийлүүлэх цахилгааныг ойрын үед хязгаарлахгүй” гэж бичсэн болохоос ОХУ-ын ЗГ-аас албан ёсоор мэдэгдээгүй байна

Өнгөрөгч есдүгээр сар /2023.09/-д ОХУ-ын Засгийн газраас, “Беларусь, Казахстан, Армен, Киргизээс бусад улс орнуудад нийлүүлдэг шатахууны экспортоо хязгаарлана” гэж мэдэгдсэн. Оросуудын шатахуунаа таслахгүй нийлүүлэх дөрвөн орон нь ОХУ-ын төрийн тэргүүний санаачилгаар 2014 онд байгуулсан “Евроазийн эдийн засгийн холбоо”-ны гишүүн, хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Балтын тэнгисийн орнууд юм. Өнөөдөр тус холбоог ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин даргалж байгаа. 

Харин Монгол Улсыг тус холбоондоо гишүүнээр элс гэсэн шахалтыг Оросын тал удаа дараа хийж байгаа гэх мэдээлэл байгаа бөгөөд манайд өгөх шатахууны нийлүүлэлтээ хязгаарлаж байгаа нь ч “Евроазийн эдийн засгийн холбоо”-нд оруулах гэсэн нэг шахалт байж магадгүй байгаа. Үнэндээ, “Оросууд шатахууны экспортоо хязгаарлана” гэж есдүгээр сар /2023.09/-д мэдэгдсэний дараахан тус улсын Думын дарга В.Володин манай улсад айлчлал хийж, “Монгол Улсад түлш, шатахууны экспортын түр хязгаарлалт хамаарахгүй” гэж мэдэгдсэн бол, Хятадын Бээжин хотод болсон “Бүс ба Зам” дээд хэмжээний уулзалтыг үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин уулзахдаа ч “ОХУ-аас Монгол Улсад түлш, шатахууныг тасралтгүй нийлүүлж, тогтвортой хангана” гэж мэдэгдсэн байдаг. Гэтэл өнөөдөр манай захиалсан хэмжээнд бензин, дизелийн түлшээ өгөхгүй, шатахууны цоргоо нарийсгасан байж магадгүй байгаа юм.  

-“ЭРЧИМ ХҮЧИЙГ ОЙРЫН ҮЕД ХЯЗГААРЛАХГҮЙ” ГЭЖ МЭДЭГДСЭН НЬ ХЭД ХОНОГ ВЭ-

Тэгвэл өчигдөр /2023.12.12/ Монгол Улсын эрчим хүчээ импортолдог Оросын "Галуут нуур"-ын станцын хоёр блокийн засвар дуусаагүй гэх шалтгаанаар ОХУ-аас манай авдаг 345 МВт цахилгаан эрчим хүчийг 150 МВт болгон бууруулж, хугацаагүйгээр хязгаарлахаа айлын тал албан ёсоор мэдэгдсэн. Өвлийн идэр ес эхэлж, Сибирийн хүйтэн агаарын урсгал түрэн ирж байгаа энэ цагт оросууд “цахилгааны экспортоо хязгаарлана” гэж мэдэгдэж байгаа нь санамсаргүй үйлдэл биш гэж хардахад хүргэж байгаа юм.

Харин энэ бүхний дараа Эрчим хүчний яамнаас “дотооддоо зохицуулалт хийж, хязгаарлалт тавихаа мэдэгдсэн”-ий дараахан буюу өчигдөр орой “ОХУ-аас Монгол Улсад нийлүүлэх цахилгаан эрчим хүчийг ойрын үед хязгаарлахгүй болсныг Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга А.А.Козлов мэдэгдсэн” нь анхаарал татаж байгаа юм. 

Тэгвэл Орос, Монголын Засгийн газар хоорондын комиссын гишүүд хоорондоо харилцахаар телеграммд үүсгэсэн дундын чат групптээ комиссын дарга А.А.Козлов  “ОХУ-аас Монгол Улсад нийлүүлэх цахилгаан эрчим хүчийг ойрын үед хязгаарлахгүй болсон” хэмээн бичжээ.

Өмнө нь энэхүү чат группийн талаар Ж.Ганбаатар сайд, “Козлов сайдаар ахлуулсан телеграмм группийг бид ажиллуулж эхэлсэн. Асуудал хариуцсан ОХУ-ын бүх дарга нар энэ группт орсон байгаа. Оросын эрчим хүчний дэд сайд, Төмөр замын дэд дарга гэсэн хүмүүс байгаа бол Монголын талаас Ч.Хүрэлбаатар сайд, тэгээд би байгаа” гэж ярьсан.

Товчхондоо, ОХУ-ын Засгийн газраас албан ёсоор мэдэгдэл өгөөгүй. Харин Монгол, Оросын комиссынхон дундаа харилцдаг телеграммд үүсгэсэн чат групптээ А.А.Козлов ийнхүү бичсэн байна.

Харин энэ талаар Эдийн засаг, хөгжлийн сайд, Шадар сайд Ч.Хүрэлбаатар өөрийн твиттер хуудастаа, “ОХУ-аас Монголд нийлүүлэгдэх эрчим хүчийг хязгаарлахгүй гэсэн шийдвэр гаргаснаа Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын дарга А.А.Козлов мэдэгдлээ. Энэ бол эцсийн шийдвэр гэв …” гэжээ. Харин Ч.Хүрэлбаатар сайдаас “Танд албан хариу өгөв үү эсвэл телеграммд тэгж бичиж байна уу” гэж асуусан иргэний асуултад тэрбээр “яг тодорхой хариулт” өгөөгүй байна.  

Мөн “Монгол Улсад нийлүүлэх цахилгаан эрчим хүчийг ойрын үед хязгаарлахгүй” гэсэн Оросын хэсгийн дарга А.А.Козловын мессежний "ойрын үед" гэдэг нь хэд хоног вэ, магадгүй цөөхөн хоног хязгаарлахгүй байж байгаад дараа нь эрчим хүчний экспортоо таслах вий гэсэн болгоомжлолыг төрүүлж байгаа юм. Иймд хоёр улсын Засгийн газар хоорондын комисс энэ асуудал дээр цаашид үргэлжлүүлэн ажиллаж, шаардлагатай бүхий л арга хэмжээ авахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Шадар сайд бөгөөд ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нарт даалгажээ. Энэ бүхний цаана Монгол Улсыг “Евроазийн эдийн засгийн холбоо”-нд гишүүнээр элсүүлэх, мөн Франц улстай хамтран хэрэгжүүлэх гэж буй ураны төслийг эсэргүүцэж ийнхүү шатахуун, цахилгаанаа оросууд хязгаарлаж байж магадгүй юм.