АН-аас УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатарыг огцруулах шаардлагадаа "Буруу мэдээллээр иргэд, ЗГ-аа хуурч, аргацааж явсны дүнд улс даяар шатахуунгүй болж, эдийн засагт ноцтой байдал үүслээ” гэжээ

АН-аас УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатарыг огцруулах шаардлагадаа "Буруу мэдээллээр иргэд, ЗГ-аа хуурч, аргацааж явсны дүнд улс даяар шатахуунгүй болж, эдийн засагт ноцтой байдал үүслээ” гэжээ

Өнөөдөр /2023.12.14/ АН-ын уламжлалт 4/11 хэвлэлийн хурал боллоо. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Ганибал Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатарыг огцруулах шаардлагыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хүргүүлсэн талаараа мэдээлэл хийлээ.  

Энэхүү шаардлагад, "Өвөлжилтийн байдал нэн хүндэрч, орон нутагт зуд нүүрлэн ноцтой эрсдэл үүссэн энэ үед улс даяараа түлш, шатахууны хомсдолд ороод хоёр сарын нүүр үзэж байна. Нийслэлд шатахуун түгээх станцуудад уртын урт дараалал үүсэж, иргэд, аж ахуйн нэгжүүдийн өдөр тутмын ажил, үйлчилгээнд чирэгдэл учирч хэд хонолоо.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар шатахуун, түлшний нөөц хэвийн байгаа талаар удаа дараа мэдэгдэж байсан ч бодит байдал дээр туйлын хүнд байна. Түлшгүй болсон малчид өвөлжөө рүүгээ нүүх нь бүү хэл өвс, тэжээлээ татаж чадахгүй эрүүл мэнд, амь насаараа хохирсон тохиолдол гарлаа.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд эрхлэх ажлын хүрээндээ шатахуун, түлшний нийлүүлэлтийг тогтвортой байлгах үндсэн ажлаа умартан холмсдолын бурууг “ихээр нөөцөлж байгаа" иргэд, “дамлан зарж буй” аж ахуйн нэгжүүдээс болсон мэтээр хариуцлагагүй мэдэгдэл хийсэн.

УИХ-ын АН-ын бүлгээс 2023 оны 9 дүгээр сараас эхлэн шатахууны нийлүүлэлтэд анхаарч, ажиллахыг удаа дараа сануулж ирсэн. Харамсалтай нь Монгол Улсын стратегийн чухал ач холбогдол бүхий салбарыг удирдаж байгаа сайд нь учирч болох эрсдлийг зөв тооцож, хэрэгжүүлэх арга замаа сонгож чадсангүй. Харин ч буруу мэдээллээр иргэд, Засгийн газраа хуурч, аргацааж явсны үр дүнд Монгол Улс бүхэлдээ түлш, шатахууны нөөцгүй болж улс орны эдийн засагт ноцтой байдал үүслээ. Монгол Улсын гадаад валютыг олдог уул уурхайн салбарт түлш дутагдах онцгой байдал үүссэн төдийгүй өвөлжилт хүндэрч хүчтэй цасан шуурга шуурч, огцом хүйтэрч буй энэ үед малчид малаа маллах, хөдөө орон нутгийн иргэд эмнэлгийн тусламж болон бусад шаардлагатай ажил, үйлчилгээ, тусламж авахад хүндрэл учирч иргэдийн эрүүл мэнд, амь нас хохирох ноцтой эрсдэл бий боллоо.

Иймд хариуцсан ажилдаа хайнга хандаж, ажил үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаа УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатарыг нэн яаралтай огцруулж, түлш шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх бодитой арга хэмжээ авахыг шаардаж байна” гэжээ.