Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Архангайд, СЗХ-ны Д.Баярсайхан Баянгол дүүрэгт нэр дэвшинэ

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Архангайд, СЗХ-ны Д.Баярсайхан Баянгол дүүрэгт нэр дэвшинэ

УИХ-ын ээлжит сонгууль зургаан сарын дараа болж парламентад 126 гишүүн сонгогдоно. Иймд улс төрийн намууд дор бүрдээ сонгуулийн бэлтгэлдээ орж, тойрогт болоод жагсаалтаар нэр дэвших хүмүүсийнхээ төсөөллийг гаргаж байна. 

Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийн 29.4-д “Нэр дэвшигч нь төрийн жинхэнэ албан хаагч, төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал бол ээлжит сонгуулийн жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө эрхэлсэн ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна” гэж заасан байдаг.  Энэ дагуу ирэх 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр горилж буй зарим албан тушаалтнууд төрийн албаны ажлаа ирэх нэгдүгээр сарын 01 /2024.01.01/-ны өдрөөс өмнө өгөхөөр бэлтгэж  байна. 

Ирэх сард ажлаа өгөх зарим албан тушаалтнуудын талаар бид өмнө нь бичсэн. Мэдээллийг ЭНД дарж унших. Тэгвэл энэ жагсаалтад Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, СЗХ-ны дарга Д.Баярсайхан нар нэмэгдэж байна.

Б.Лхагвасүрэнгийн хувьд Архангай аймагт нэр дэвшихээр бэлтгэж байгаа аж. Түүнийг ажлаа өгөх тухай мэдээлэл өмнө нь хэд, хэдэн удаа гарсан. Тэгвэл тэрбээр сонгуулийн хуулийн дагуу ийнхүү ажлаа өгөх нь. Түүний нэр Архангайн тойрогт судалгаагаар сайн үнэлгээ авчээ. 

Уг тойрогт МАН-аас УИХ-д сонгогдсон Ж.Мөнхбат гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэж, Ё.Баатарбилэг Хөгжлийн банкны хэргээр яллагдаад байгаа юм. Харин Д.Баярсайханы хувьд Баянгол дүүрэгт нэр дэвшихээр яригдаж байна. Түүнийг 2019 онд УИХ-аас Санхүүгийн зохицуулах хорооны даргаар томилсон юм. Тэрбээр санхүү менежмент эдийн засгийн чиглэлээр мэргэшсэн бөгөөд Баянгол дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн, Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатарын ойрын хүн гэгддэг аж.