ШУУРХАЙ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Оросын ЗГ-ын даргатай утсаар холбогдож, "Шатахуун, Эрчим хүчний хязгаарлалт"-ын талаар ярьсан бололтой

ШУУРХАЙ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Оросын ЗГ-ын даргатай утсаар холбогдож, "Шатахуун, Эрчим хүчний хязгаарлалт"-ын талаар ярьсан бололтой

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустинтэй өчигдөр /2023.12.14/ утсаар ярьсан гэж Гадаад харилцааны яамнаас мэдээлсэн байна. 

Энэ үеэр "ОХУ-тай иж бүрэн стратегийн түншлэлд тулгуурласан уламжлалт найрсаг харилцааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл болохыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэмдэглэж, сүүлийн жилүүдэд хоёр орны хооронд дээд, өндөр түвшний айлчлал, уулзалтууд тогтмолжиж байгаа нь ач холбогдолтой болохыг онцолжээ. Мөн Засгийн газрын тэргүүн нар хоёр улсын хооронд хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийн явц болон цаг үеийн асуудлаар дэлгэрэнгүй санал солилцож, Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын хүрээнд шуурхай ажиллах талаар санал нэгдсэн" гэжээ. 

Тэгвэл тэд "цаг үеийн асуудлаар дэлгэрэнгүй санал солилцож, Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын хүрээнд шуурхай ажиллах талаар санал нэгдсэн" гэдэг нь манайд үүсээд буй шатахууны нийлүүлэлт мөн эрчим хүчний хязгаарлалттай холбоотой байж магадгүй байна.

Учир нь манайд шатахууны хомсдол үүсэж иргэд ШТС-ууд дээр урт дараалал үүсгэх болсон. Мөн дизелийн түлшийн олдоц муу байгаагаас уул уурхайн олборлолт ч хүнд байдал ороод байгаа гэж эх сурвалжууд мэдээлж буй. Харин энэ долоо хоногт ОХУ-ын сибирт хүйтэрсэн, мөн манайд эрчим хүч импортолдог Оросын "Галуут нуур"-ын станцын хоёр блокийн засвар дуусаагүй шалтгаанаар тус улсаас авдаг 345 МВт цахилгаан эрчим хүчийг 150 МВт болгон бууруулж, хугацаагүйгээр хязгаарлахаа албан ёсоор мэдэгдсэн гэж байгаа. Харин Монгол, Оросын комиссын дарга А.А.Козлов “ОХУ-аас Монгол Улсад нийлүүлэх цахилгаан эрчим хүчийг ойрын үед хязгаарлахгүй болсон" гэж хэлсэн аж. Харин "ойрын үед" гэдэг нь хэдийг хүртэл вэ гэдэг нь тодорхойгүй байгаа юм.