Дугаарын хязгаарлалтыг хоёрдугаар сарын 01-нээс өмнө цуцална гэж НЗД-ын нэгдүгээр орлогч П.Сайнзориг мэдэгдлээ

Дугаарын хязгаарлалтыг хоёрдугаар сарын 01-нээс өмнө цуцална гэж НЗД-ын нэгдүгээр орлогч П.Сайнзориг мэдэгдлээ

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар захирамж гаргаж, Улаанбаатар хотод автомашин, тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах шийдвэр гаргасан. 

Өчигдөр /2023.12.18/ Хотын дарга Х.Нямбаатар мэдээлэл хийж "Маргаашаас буюу арванхоёрдугаар сарын 18-наас 2024 оны хоёрдугаар сарын 1-н хүртэл автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор зорчуулахаар шийдвэрлэлээ. Учир нь сүүлийн өдрүүдэд хөрсөн дээр - 43 хэм хүрч байгаа учраас зам дээр цацсан давс хайлахгүй байх хүндрэл гарч , түгжрэл үүсэх нөхцөл бий болгож байна" гэлээ.

Нийслэлийн цагдаагийн газрын тэргүүн дэд дарга О.Ганбат, "Энэ удаагийн тэгш, сондгойгоор зорчих бүсчлэл илүү том байхаар төлөвлөж байна. Эхний ээлжинд Сонсголонгын уулзвараас офицеруудын ордон хүртэл зүүн, баруун чиглэлийг холбосон бүсчлэлийг тогтооно. Хойд чиглэл нь 32-ын тойргын уулзвараас Маршалын гүүрний хойд хэсэг хүртэл татан сунгана гэсэн тооцоолол гарлаа" гэсэн юм. 

Тэгвэл Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг өнөөдөр өглөө өөрийн цахим хуудаст "Түгжрэлийг бууруулах үүднээс тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн тэгш, сондгойгоор төгссөн байдлаар замын хөдөлгөөнд оролцуулах шийдвэрийг гаргасан бөгөөд замын хөдөлгөөний нөхцөл байдал, холбогдох мэргэжлийн байгууллагын саналыг харгалзан хугацаанаас өмнө өөрчлөлт оруулах болно. Нийтийн тээврийн сүлжээ, чиглэлийн төлөвлөлтийг шуурхай сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх бүхий л боломжийг дайчлан ажиллана" гэж бичжээ. Түүний хэлснээс дүгнэвэл тэгш, сондгой дугаараар зорчуулах шийдвэрийг хоёрдугаар сарын 01-ны өдрөөс өмнө цуцалж магадгүй аж.