Д.Оюунбаатар: Онцгой байдлын газарт жолоочийн үүрэг гүйцэтгэхдээ 2365 хүний амь насыг аварсныг минь үнэлж “Эрсдэлийн баатар” шагнал олгосон /ВИДЕО/

Д.Оюунбаатар: Онцгой байдлын газарт жолоочийн үүрэг гүйцэтгэхдээ 2365 хүний амь насыг аварсныг минь үнэлж “Эрсдэлийн баатар” шагнал олгосон /ВИДЕО/

Бид энэ удаа Төв аймгийн Онцгой байдлын газрын Зуунмод сум дахь Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр ангийн Гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Д.Оюунбаатарын онцоллоо.

Түүний хувьд 19 дэх жилдээ үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд ажиллах хугацаандаа 358 аврах дуудлагад гар бие оролцож, 2365 хүний амь насыг аварч, ард иргэдийн тэрбум гаруй төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан юм. Улмаар түүний хөдөлмөрийг үнэлж Монгол Улсын Шадар сайдын санаачилгаар “Эрсдэлийн баатар” шагналыг олгожээ.

ВИДЕО: 

Д.Оюунбаатар энэ талаар ярихдаа “Их үнэ цэнтэй гоё шагналыг хүртсэндээ баяртай байгаа. “Эрсдэлийн баатар” шагналыг авсны дараа ажлын хамт олон, гэр бүлийнхнээс гадна гадуур таарсан хүмүүс хүртэл баяр хүргэдэг болсон. Харин шагналын тухайд ажлын хамт олон маань түрүүлж мэдсэн ч надад огт хэлээгүй байсан. Нэг өдөр хотод нэг форумд оролцох боллоо гээд хамт явцгаасан юм. Тэгээд  нөгөө арга хэмжээнд нь оролцож байсан гэнэт том тайзны дэлгэцэд миний зураг бичлэг гараад  “Эрсдэлийн баатар” шагналын эзэн Д.Оюунбаатар гээд зарлахад нь гайхаж, их балмагдсан даа. Олон хүнтэй дээрээс нь гэнэт шагнуулсныг ч хэлэх үү "сэтгэгдлээ хэлээрэй" гэхэд нь үг ч гараагүй хөтлөгч нь миний өмнөөс яриад л таарах шиг болсон. Би ер нь их дуугүй хүн болохоор ажлын талбараас өөр газарт ярьж чаддаггүй” гэсэн юм.

Тэр сурагч байхаасаа л Онцгой байдлын газарт ажиллахыг мөрөөддөг болсон гэх. Учир нь сургуулийнх нь хажууд Онцгой байдлын газар байрладаг байсан тул сургуульдаа явах, гэртээ харих бүрдээ тус албаны алба хаагчдыг хараад бахархаж, яг л ийм хүн болно гэж зорьсон аж. Түүнээс хойш 24 цагаар бэлэн байдалд байж галын болон зудын гээд бүхий л дуудлагын дагуу ажиллахдаа цастай, үертэй, замгүй олон нөхцөл байдалд орж байсан ч нэг секундийн ч болсон өмнө очихыг зорьж алба хаагчдаа аюулгүй тээвэрлэх, дэмжин ажиллах гээд бүхий л үүргээ өнөөг хүртэл ямар ч алдаагүй 100 хувийн гүйцэтгэлтэй хийжээ.

Д.Оюунбаатар эхнэр хүүгийн хамт Төв аймагт амьдардаг. Түүний эхнэр тус аймгийнхаа нэгдсэн эмнэлгийн Мэдрэлийн тасгийн сувилагч. Тэд хоёул хэзээ ч дуудагдахад бэлэн байж ард иргэдийг аврах хамгаалах ажил эрхэлдэг. Иймд эл хугацаанд тэдний ар гэр, үр хүүхдийг хоёр талын эцэг эх нь харж хандаж иржээ. Харин одоо тэдний хүү арван жилийн сургуульд суралцдаг бөгөөд сургуулиа төгсөөд мөн л Онцгой байдлын албанд хүчин зүтгэхээр бэлдэж буй аж. Эндээс Д.Оюунбаатар ард түмэндээ эрсдэлийн баатар, хүүдээ бахархал нь болсон баатар аав нь гэдгийг харж болно.

Угаас ажлын бус талбарт ярьж чаддаггүй хэмээх Д.Оюунбаатар өдгөө Төв аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах аврах ангийн шинэхэн ажилчид болох 18,19 насны залууст туршлагаа хуваалцан зөвлөж, дараагийн залуу хүчнийг бэлтгэж явна.

Түүний Онцгой байдлын газарт гүйцэтгэсэн ажлаас дурдвал, 2023 онд Төв аймгийн Зуунмод сум тагтан дээр эд хогшил шатаж байна гэсэн дуудлагын дагуу ажиллаж, 24 иргэнийг утаажилтын бүсээс гаргаж, амь насыг нь авран хамгаалсан бол Сэргэлэн сумын нутаг “Хүрэн дэл” гэх газарт аймгийн төвөөс 31 км-т хоёр автомашин цасанд суусан дуудлагаар үүрэг гүйцэтгэж, автомашиныг татан гаргаж, 50-86 насны 11 иргэний амь насыг авран хамгаалсан байна. Мөн Төв аймгийн Эрдэнэ, Архуст, Баяндэлгэр, Баянжаргалан, Баян, Мөнгөнморьт зэрэг өвөлжилт хүндэрч зудын өндөр эрсдэл үүссэн сумдын малчин, мал бүхий 700 гаруй өрхийн 2100 гаруй иргэнд хүнс, эм бэлдмэл, малын өвс, тэжээл хүргэх, малын бэлчээр гаргах, сум руу зорчдог төв зам болон бусад шаардлагатай зэрэг нийт 3345 км автозамыг гаргах ажлыг амжилттай зохион байгуулжээ.