2024 оны УИХ-ын сонгуулийг бүсчилсэн 13 тойргоор зургаадугаар сарын 26-нд товлоно

2024 оны УИХ-ын сонгуулийг бүсчилсэн 13 тойргоор зургаадугаар сарын 26-нд товлоно

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2023.12.20/ хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв.

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2, 9.3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийг 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс эхлэхээр товлон зарлахаар, Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн санал авах өдрийг 2024 оны 6 дугаар сарын 28-ны өдөр байхаар,  тогтоосугай, Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар гадаад улсад байгаа иргэдээс санал авах өдрийг 2024 оны 6 дугаар сарын 20, 21, 22, 23-ны өдрүүд байхаар тогтоохоор тогтоолын төсөлд тусгажээ.

УИХ-ын гишүүд УИХ-ын сонгуулийг 06 дугаар сарын 28-ны баасан гарагт биш 26-ны Лхагва гарагт явуулбал зохистой гэсэн саналаа илэрхийлээд, гадаад байгаа иргэдийн санал өгөх өдрүүдийг иргэд өөр хот, мужаас ирж саналаа өгөхийг бодолцох, амралтын өдрүүдээр санал өгөх боломжийг олгох нь зүйтэй хэмээсэн.

Мөн саналын хуудаст өмнөхөөс олон нэр бичигдэх болохоор иргэд хугацаандаа багтан сонгууль өгч амжихгүй байж мэдэх учир санал авах өдрийг ургасгах боломжтой эсэх, сонгуулийн санал авах машин тэрхүү саналын хуудсыг унших боломжтой эсэх талаар асууж, саналаа илэрхийлсэн. 

Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран, гадаадад байгаа иргэдээс санал авах өдрийг 06 дугаар сарын 20, 21, 22, 23-ны өдрүүдэд буюу пүрэв гарагт эхлээд даваа гарагт хуульд заасны дагуу дөрвөн өдөр үргэжлээд дуусахаар, УИХ-ын ээлжит сонгуулийн санал авах өдрийг 06 дугаар сарын 26-ны өдөр байхаар тооцож санал өгсөн хэмээн хариулсан. 06 дугаар сарын 26-ны лхагва гараг гэж тооцсоны учир нь баасан гарагт сонгуулийн санал авахаар бүх нийтийн амралтын өдөр болговол сонгуулийн санал өгөх өдрийг аялал зугаалгын өдөр болгох вий гэж болгоомжилсных хэмээн тодотгосон.

Түүнчлэн Байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын сонгуулийн тойрог мандат хуваарилах төслийг хэлэлцэн дэмжив. УИХ-ын сонгуулийг орон нутагт бүсчилсэн 7, нийслэл Улаанбаатарт 6, нийт 13 тойргоор явуулахаар төсөлд тусгасан байна.

Үүнд:

  • Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгуудыг нэгтгэн 1-р тойрог;
  • Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгуудыг нэгтгэн 2-р тойрог;
  • Баян-Өлгий аймаг 3-р тойрог;
  • Булган, Орхон, Хөвсгөл аймгуудыг нэгтгэн 4-р тойрог;
  • Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгуудыг нэгтгэн 5-р тойрог;
  • Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгуудыг нэгтгэн 6-р тойрог;
  • Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймгуудыг нэгтгэн 7-р тойрог;
  • Баянзүрх дүүрэг 8-р тойрог;
  • Баянгол дүүрэг 9-р тойрог;
  • Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийг нэгтгэн 10-р тойрог;
  • Сонгинохайрхан дүүрэг 11-р тойрог;
  • Хан-Уул дүүрэг 12-р тойрог;
  • Багануур, Багахангай, Налайх дүүргүүдийг нэгтгэн 13-р тойрог байхаар тооцсон байна.

Тогтоолын төслүүдийг өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх юм.