БНХАУ-ын дарга Ши Жиньпин ОХУ-ын ерөнхий сайдтай уулзсан гэж мэдээлжээ

БНХАУ-ын дарга Ши Жиньпин ОХУ-ын ерөнхий сайдтай уулзсан гэж мэдээлжээ

БНХАУ-ын дарга Ши Жиньпин ОХУ-ын ерөнхий сайд Михайл Мишустинтэй өчигдөр /2023.12.20/ Бээжин хотод уулзалт хийжээ. 

Энэ талаар mongol.cri.cn сайтад "Ши Жиньпин хэлэхдээ, энэ он гарсаар миний бие ерөнхийлөгч Владимир Путинтэй хоёр удаа уулзав. Хоёр улсын засгийн газар, хууль тогтоох байгууллага, улс төрийн нам, орон нутгийн засаг захиргаа нягт харилцаа солилцоо өрнүүлж, олон салбарт ажил хэрэгч хамтын ажиллагаа тогтвортой хөгжиж байна. Энэ оны эхний 11 сард Хятад, Оросын худалдаа өсөж, ерөнхийлөгч Путин бидний тогтоосон жилийн 200 тэрбум ам.долларын худалдааны зорилтыг хугацаанаас нь өмнө биелүүлснээр хоёр орны харилцан ашигтай хамтын ажиллагааны бат бөх уян хатан чанар, саруул ирээдүйг бүрэн дүүрэн харууллаа. Хятад, Оросын харилцааг сайтар хамгаалж, сайн хөгжүүлэх нь хоёр ард түмний язгуур ашиг сонирхолд нийцсэн стратегийн сонголт юм. Оросын ард түмэн өөрсдийн сонгосон хөгжлийн замаар явахыг Хятад улс дэмждэг. Ирэх онд болох Хятад, Оросын дипломат харилцааны 75 жилийн ойг гарааны шинэ эхлэл болгож, хоёр орны улс төрийн дээд түвшний харилцааны эерэг үр нөлөөг тасралтгүй нэмэгдүүэн, өөр өөрийн эдийн засаг, нийгмийн хөгжлөө ахиулан, үндэсний сэргэн мандалтынхаа төлөө Оросын талтай гар нийлэн урагшлахад Хятад улс бэлэн байна гэв.

Хятадын эдийн засаг маш уян хатан чанартай, асар их нөөц, сэргэлтийн өргөн орон зайтай бөгөөд урт хугацааны эерэг суурь нь өөрчлөгдөөгүй юм. Бид өндөр чанартай хөгжил, дээд түвшний нээлттэй байдлыг тууштай дэмжиж байгаа нь Орос болон бусад улсуудын хөгжилд шинэ боломж олгоно гэж Ши Жиньпин онцлон тэмдэглэжээ. 

Михайл Мишустин хэлэхдээ, Хятадын талтай хамтдаа хичээж, хоёр талын тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг ухамсартай хэрэгжүүлэн, эдийн засаг, худалдаа, эрчим хүч, бусад салбарт өргөн хүрээнд хамтран ажиллах хүсэлтэй байна. Мөн соёлын жилийг амжилттай зохион байгуулж, хоёр ард түмний уламжлалт найрамдлыг бэхжүүлэхэд бэлэн байна гэжээ.  Мөн уулзалтын үеэр Михайл Мишустин, Ганьсуд газар хөдөлсөнтэй холбогдуулан Оросын засгийн газар, Оросын ард түмний нэрийн өмнөөс Ши Жиньпинд эмгэнэл илэрхийлж, Хятадын хэрэгцээ шаардлагад нийцүүлэн Орос авран туслахад бэлэн байна гэж мэдэгджээ. Оросын ерөнхий сайдын эмгэнэлийг хүлээн авч, хариу талархал илэрхийлээд Ши Жиньпин, "Ард түмэн гамшгийг ялж, гэр орноо ахин босгож, сэргээн хөгжүүлж чадна гэдэгт итгэлтэй байна" гэжээ.