ШУУРХАЙ: Хүүхдийн хоол нийлүүлэгчдээс хахууль авсан Орон нутгийн өмчит ҮГ-ын дарга асан Б.Наранчулуун нарт зорчих эрхийг хязгаарлах ял оноожээ

ШУУРХАЙ: Хүүхдийн хоол нийлүүлэгчдээс хахууль авсан Орон нутгийн өмчит ҮГ-ын дарга асан Б.Наранчулуун нарт зорчих эрхийг хязгаарлах ял оноожээ

Одоогоос таван жилийн өмнө буюу 2018 онд "Өсвөр үе хүнс” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын дарга асан Б.Наранчулуун, ерөнхий ня-бо асан Н.Ариунболд, менежер асан Б.Хулан, түгээлтийн нярав асан Т.Энхтуяа нарт холбогдох хэргийг АТГ-аас шалгаж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлж байгаа талаараа мэдээлж байсан. 

Улмаар тус хэрэг тэгэсхийгээд намжиж олны анхаарлаас гарсан байдаг. Тэгвэл хүүхдийн хоол нийлүүлэгчдээс хахууль авсан "Өсвөр үе хүнс” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын дарга асан Б.Наранчулуун нарт холбогдох хэрэг өнгөрсөн есдүгээр сар /2023.09/-д анхан шатны шүүхээр шийдэгджээ.

Тодруулбал, "Өсвөр үе хүнс” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын дарга асан Б.Наранчулуун, ерөнхий ня-бо асан Н.Ариунболд, менежер асан Б.Хулан нарын албан тушаалтнууд нь албан тушаалын байдлаа ашиглан нэр бүхий аж ахуйн нэгжүүдээс төмс хүнсний ногоо, мах махан бүтээгдэхүүн худалдан авахдаа сонгон шалгаруулалт явуулалгүйгээр гэрээ байгуулан авч, бусдаас 290 сая төгрөгийн хохирол учруулсан хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцжээ. 

Улмаар шүүхээс шүүгдэгч Б.Наранчулуунд нийтийн албанд томилогдох эрхийг 10 жилээр хасаж, таван жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах болон 10.9 сая төгрөгөөр торгох ял оноосон байна. Харин шүүгдэгч Б.Хуланд нийтийн албанд томилогдох эрхийг долоон жилээр хасаж, 10 сая төгрөгөөр торгох болон нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оноосон байна.