“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт хувьцааны 34 хувийг иргэн бүрд эзэмшүүлэхийг УИХ дэмжлээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт хувьцааны 34 хувийг иргэн бүрд эзэмшүүлэхийг УИХ дэмжлээ

Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2023.12.22) үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар ““Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэв.

Улсын Их Хурлын 2010 оны 39 дүгээр тогтоолоор Тавантолгой нүүрсний ордод ашиглалтын үйл ажиллагаа явуулах, “Эрдэнэс Тавантолгой” компанийг байгуулж, тус компанийн хувьцааны 20 хувийг Монгол Улсын иргэдэд эзэмшүүлсэн юм. Өнөөдрийн байдлаар “Эрдэнэс Тавантолгой” компанийн нийт хувьцааны 18.4 хувийг 2012 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс өмнө төрсөн 2.5 сая иргэн эзэмшиж байгааг төсөл санаачлагчийн илтгэлд дурдав.

Тус компанийн үйл ажиллагааг сайжруулах зорилгоор Засгийн газар 2022 оны 10 дугаар сард “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанид онцгой дэглэм тогтоож, компанийн үндсэн үйл ажиллагаа, удирдлага, зохион байгуулалт, төлбөр тооцоог сайжруулж, орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээ авсан байна.

Улмаар онцгой дэглэм тогтсоноос хойш компанийн санхүүгийн үзүүлэлт эрс сайжирч, өр төлбөр үнэмлэхүй хэмжээгээр буурчээ. Улсын Их Хурлын 2023 оны 08 дугаар тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааг 2012 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс хойш төрсөн Монгол Улсын иргэдэд шинээр эзэмшүүлэх асуудлыг судалж, танилцуулах; 2021, 2022 онд 1072 ширхэг хувьцааны ногдол ашгаа авч чадаагүй иргэдэд хувьцааны ногдол ашгийг нөхөн олгох асуудлыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэхийг Засгийн газарт даалгасан байна. Энэ дагуу дээрх тогтоолын төслийг боловсруулсныг Шадар сайд С.Амарсайхан танилцуулав.

Төсөлд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт хувьцааны 34 хувийг Монгол Улсын иргэн бүрд адил тэнцүү хэмжээгээр, үнэ төлбөргүй эзэмшүүлэх, 2012 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн болон харъяат болсон Монгол Улсын иргэн бүрд шинээр эзэмшүүлэхээр; 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш төрсөн болон харъяат болсон Монгол Улсын иргэн бүрд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны оногдох хувийг эзэмшүүлж байхаар; эзэмшлийн хувьцааныхаа зарим хэсгийг, эсвэл бүгдийг худалдсан, суутган тооцуулсан Монгол Улсын иргэд хүсэлт гаргасан тохиолдолд нэрлэсэн үнээр буюу 933 төгрөгөөр буцаан худалдан авах боломжийг бүрдүүлэх; иргэн нас барсан, Монгол Улсын харъяатаас гарсан тохиолдолд хувьцаа эзэмшигчийн бүртгэлээс хасагдаж байх зэрэг асуудлыг тусгажээ.

Тогтоолын төсөлд 2012 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн болон харъяат болсон Монгол Улсын иргэн бүрд “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг шинээр эзэмшүүлснээр нийт хувьцааны 27.6 хувийг Монгол Улсын иргэд эзэмших урьдчилсан тооцоолол байгаа гэлээ. Цаашид нийт хувьцааны 34 хүртэл хувьд багтаан 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс шинээр төрсөн болон харъяат болсон Монгол Улсын иргэн бүрд оногдох хувьцааг эзэмшүүлж байхаар тусгажээ.

Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр байгалийн баялгийг ашиглах, үр өгөөжөөс иргэн бүрд тэгш хүртэх зарчмыг шинэчлэн тодорхойлж, байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоогийн ба ирээдүйн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжөөс Үндэсний баялгийн санд төвлөрүүлж, тэгш шударга хүртээхэд чиглэнэ гэж хуульчилсан.

Тогтоолын төсөл батлагдаж, “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн 34 хүртэл хувийг Монгол Улсын иргэдэд үе шаттай эзэмшүүлснээр байгалийн баялгийн үр өгөөжөөс иргэн бүр тэгш хүртэх зарчим хангагдах чухал ач холбогдолтой хэмээн төсөл санаачлагч үзсэн байна.

Эдийн засгийн байнгын хороо 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаараа Улсын Их Хурлын дээрх тогтоолын төслийг хэлэлцээд, гишүүдийн олонх нь үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжжээ.

Төсөл санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, Шадар сайд болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт, тайлбар, мэдээлэл авав. Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт хувьцаа эзэмшигчдийн хувьцаагаа эргэлтэд оруулах, ногдол ашгаа хуримтлуулах, ипотекийн зээлийн урьчилгаа болгох, эрүүл мэндийн даатгалын төлбөрөөр төлөх гэх зэрэг боломжийг бүрдүүлэхийн чухлыг хэлээд Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу газрын хэвлийн баялаг ашигласны орлогоос Үндэсний баялгийн санд төвлөрүүлж, түүнийг санхүүгийн үр ашиг бүхий төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх, үнэт цаас гаргах зэргээр арвижуулах, эдийн засгийн хүртээмжтэй өсөлтийг хангах, шударгаар хуваарилах зарчмыг баримталсан Үндэсний баялгийн сангийн тухай анхдагч хуулийн төслийг боловсруулах асуудлын явцын талаар тодруулсан.

Засгийн газраас холбогдох ажлын хэсгийг байгуулсан бөгөөд Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг боловсруулан ажиллаж байгаа, ойрын хугацаанд өргөн мэдүүлэхээр төлөвлөж байгаа гэдэг мэдээллийг ажлын хэсгээс өглөө. Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан 1072 ширхэг хувьцааны ногдол ашгийг иргэд хэзээ авах боломжтой талаар тодруулан асуув. Одоогоор нийт иргэдээс 2.5 сая нь 1072 ширхэг хувьцааг эзэмшиж байгаа гэдгийг С.Амарсайхан сайд хэлээд “Улсын Их Хурлын тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд 2021, 2022 онд 1072 ширхэг хувьцааны ногдол ашгаа авч чадаагүй иргэдэд хувьцааны ногдол ашгийг нөхөн олгох асуудлыг судалж байгаа.

Нийтдээ 1.000218 иргэн эзэмшлийн хувьцаагаа Засгийн газарт худалдсан байгаа.

Энэ хүмүүсийн төлөөлөл “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн ногдол ашгийн талаар хөдөлгөөн өрнүүлж, шаардлага тавьж байгаа. Тэд “Төр биднийг дээрэмдсэн, буцааж өг” гэх асуудлыг хурцаар илэрхийлдэг. “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн ТУЗ 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хуралдаж, тайлан нь аудитаар баталгаажин, татварын дараах цэвэр ашгаас ногдол ашиг тараахтай холбоотой шийдвэр гаргах болно.

Чуулганы нэгдсэн хуралдаан санал хураалтаар үргэлжиллээ. ““Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэр баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 41 гишүүний 53.7 хувь нь дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.