Сонгуулийн өмнөх МАН-ын “халамж”-ийг нэгээр нэмж “Малчин, Хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн НДШ-ийг нөхөж төлөх" хуулийг Г.Тэмүүлэн боловсруулжээ

Сонгуулийн өмнөх МАН-ын “халамж”-ийг нэгээр нэмж “Малчин, Хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн НДШ-ийг нөхөж төлөх" хуулийг Г.Тэмүүлэн боловсруулжээ

МАН тэтгэвэр нэмж, бэлэн мөнгө тарааж байгаад ирэх сонгуулиар иргэдийн саналыг авчихна гэж тооцож. Учир нь яг сонгуулийн өмнө буюу 2024 оны дөрөвдүгээр сар /2024.04/-д ахмадуудын тэтгэврийг 10 хувиар нэмэгдэж, мөн Эрдэнэс Тавантолгой ХК-ийн нийт хувьцааны 34 хувийг иргэдэд тараана. Өөр бусад халамжууд ч нэмэгдэх сураг бий. Олигтой бүтээн байгуулалтгүй, иргэдийн амьдралд оруулсан дорвитой өөрчлөлтгүй эрх баригчдад үүнээс арга ч үлдээгүй.

-2022 ОНД ХУГАЦАА НЬ ДУУССАН ТУС ХУУЛИЙГ СОНГУУЛЬ ӨНГӨРТӨЛ БУЮУ 2025 ОН ХҮРТЭЛ СУНГАНА-

Тэгвэл УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга, Архангай аймгаас УИХ-д сонгогдсон Г.Тэмүүлэн намынхаа нэр хүндийг сонгуулийн өмнө өсгөх ажилд гар бие оролцож бас нэгэн халамжийг зарим иргэдэд үзүүлэх тухай хуулийг боловсруулсан байна.

Тодруулбал, тэрбээр “Малчин, Хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт  оруулах тухай” хуулийн төслийг боловсруулжээ.

Түүний гол зорилго нь 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр баталж, 2021 онд нэмэлт, өөрчлөлт оруулж, 2022 оны нэгдүгээр сарын 01-ны өдөр үйлчлэх хугацаа нь дууссан тус хуулийг сонгууль өнгөртөл буюу 2025 он хүртэл сунгах аж. Учир нь 2017-2022 онд хангалттай тооны малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч тус хуулийн дагуу нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөөгүй аж. Тиймээс тэдэнд боломж олгож төлөөгүй орхисон хугацааны шимтгэлээ төлөх боломжийг олгож байна гэсэн үг.

Нийгмийн даатгалын шимтгэлд хамрагдах эсэх нь тухайн хүний сайн дурын сонголт байдаг. Төлж эхэлсэн бол сар бүр тогтсон хугацаанд төлөх үүргээ хариуцлагатайгаар биелүүлэх ёстой. Цуцалж байгаа бол мөн мэдэгддэг журамтай. Гэтэл хариуцлагагүй байдлаасаа болж Нийгмийн даатгалын шимтгэлээ төлөөгүй орхигдуулсан иргэдэд  нөхөж төлөх боломжийг МАН болоод Г.Тэмүүлэн энэ хуулиар олгож байгаа юм байна. Магадгүй нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн олон жилийн тасалдалттай хүмүүс бөөнд нь төлөөд тэтгэврээ тогтоолгож ч болох нь.  

-5.7 ТЭРБУМЫГ ОЛЖ 19,8 ТЭРБУМЫГ ЗАРЛАГАДНА-

Хэрвээ энэ хууль ирэх оны нэгдүгээр сарын 01-ны өдрөөс хэрэгжиж эхэлбэл 3 мянга орчим малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчид хамрагдах магадлалтай аж. Дээрх 3 мянган малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчид дунджаар 3.1-нээс 3.7 жилийн нөхөн төлөлт хийж 5.1-5.7 тэрбум төгрөгийн хуримтлал нийгмийн даатгалд үүснэ гэж хууль санаачлагчид тооцжээ. Магадлалаар хамрагдах хүний тоог 3000 тооцон үзвэл сар тутмын тэтгэвэрт 550,000 төгрөг*12 сар= 6,000,000 төгрөг болох бөгөөд 3000 хүнд олгохоор тооцвол 19,8 тэрбум төгрөг зарцуулах нь. Өөрөөр хэлбэл, 5.7 тэрбумыг олоод 19.8 тэрбумыг зарлагадах хуулийн төслийг Г.Тэмүүлэн гишүүн боловсруулжээ.