"Улаанбаатарт "Метро" явуулах ажлыг эхлүүлэх шийдвэр"-ийг энэ долоо Засгийн газрын хурлаар гаргаж, тендер зарлахаар болжээ

"Улаанбаатарт "Метро" явуулах ажлыг эхлүүлэх шийдвэр"-ийг энэ долоо Засгийн газрын хурлаар гаргаж, тендер зарлахаар болжээ

Засгийн газрын өнгөрөгч арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн /2023.11.22/ хуралдаанаар их хэмжээний багтаамжтай тээврийн хэрэгсэл буюу метроны танилцуулгатай холбоотойгоор ТЭЗҮ-ийг боловсруулах, зураг төслийг хийх, арванхоёрдугаар сар /2023.12/-д багтаан тендер зарлах шийдвэрийг гаргасан. 

Тэгвэл энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар "Улаанбаатарт метро явуулахад шаардлагатай холбогдох ажлыг эхлүүлэх шийдвэр"-ийг гаргана гэх мэдээлэл байна. Улмаар ТЭЗҮ-ийг боловсруулах, зураг төслийг хийх, тендерийг энэ сардаа багтаан зарлах аж. 

Метротой холбоотой ТЭЗҮ-ийг 2013 онд ЖАЙКА, 2011 онд КОЙКА, 2022 онд БНХАУ-ын төмөр замын дөрөвдүгээр товчоо хийсэн байдаг.  Чиглэлийн хувьд Амгалангаас Яармагийн дэнж хүртэл 22.3 километр ажлыг хийх төслийг танилцуулж байгаа бөгөөд 2024 оны нэгдүгээр сард барилга, угсралтын гүйцэтгэлийн тендерийг зарлана. Харин 2024 оны тавдугаар сард метро барих ажлыг эхлүүлнэ. 2027 онд барилгын ажил дуусаж, туршилт хийгээд 2028 онд метротой болохоор төлөвлөөд буй. 

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзоригоор ахлуулсан Ажлын хэсэг Зөвлөх үйлчилгээний ажлын даалгаврыг боловсруулж эхлээд байгаа гэдийг албаныхан мэдээлсэн.

17.7 км урт метроны төсөлд 1.5 тэрбум ам.доллар шаардлагатай гэх урьдчилсан тооцоо гарсан байна. ТЭЗҮ-ийг боловсруулах, зураг төслийг хийх мөнгийг нийслэлийн төсвөөс гаргах бол метро барих хөрөнгийн эх үүсвэрийг Засгийн газар шийдэх аж. Тэгвэл метроны ТЭЗҮ, нарийвчилсан зураг төсөл боловсруулах ажилд нийслэлээс 180 тэрбум төгрөг зарцуулахаар 2024 оны төсвийн төсөлд тусгаад байгаа юм.