ХНХЯ-ны Захиргаа удирдлагын газрын дарга Ч.Цэвэгдорж Соёлын яамны ТНБД-д өрсөлдөхөөр бүртгүүлжээ

ХНХЯ-ны Захиргаа удирдлагын газрын дарга Ч.Цэвэгдорж Соёлын яамны ТНБД-д өрсөлдөхөөр бүртгүүлжээ

Одоогоос жил орчмын өмнө нь буюу 2022 оны нэгдүгээр сарын 11-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар Ковидын хуулиар сонгон шалгаруулалтгүй томилогдсон 18 агентлаг, зургаан яамны Төрийн нарийн бичгийн даргыг  чөлөөлсөн байдаг.

Улмаар түр орлон гүйцэтгэгч нарыг томилж, дээрх албан тушаалтнуудын сонгон шалгаруулалтыг зарлаж, хуулийн дагуу томилох ажиллагаа өнөөг хүртэл явагдаж байгаа юм. Тэгвэл Соёлын яамны Төрийн нарийн бичгийг даргыг томилох сонгон шалгаруулалтыг энэ сарын 14-ний өдөр Төрийн албаны зөвлөлөөс зарлаж, өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 28-ны өдөр шалгалтыг авахаар товлосон байна. 

Тодруулбал, Соёлын яамны Төрийн нарийн бичгийн даргын сонгон шалгаруулалтад хоёр хүн материалаа хүргүүлсэн бөгөөд нэгнийх нь анкет цуцлагдсан гэх нээлттэй мэдээлэл байгаа юм. Харин тус албан тушаалд хэн гэж эрхмүүд томилогдохоор сонгон шалгаруулалтад оролцов гэдэг нь анхаарал татлаа. Учир нь Ковидын үед томилогдсон Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Оюунбилэг мэргэжлийн бус, буузны компанийн захирал байсан нь нэлээдгүй хэл ам дагуулж байсан юм. Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар Соёлын яамны Төрийн нарийн бичгийн даргын сонгон шалгаруулалтад Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Захиргаа удирдлагын газрын даргаар ажиллаж байгаа Ч.Цэвэгдорж өрсөлдөхөөр болжээ. Түүний тухайд өнөөдөр болох Төрийн албаны зөвлөлийн шалгалтад тэнцсэн тохиолдолд тус албан тушаалд томилогдох юм. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Захиргаа удирдлагын газрын даргаар ажиллаж байгаа Ч.Цэвэгдорж нь төрийн албанд меррит зарчмаар явж байгаа нэгэн гэх мэдээлэл байна.