Г.Занданшатар: “Цэгцрэх хөдөлгөөн”-ий эрчийг алдуулалгүй, улс орноо гажуудлаас гаргах чухал цэгцрэх үйл хэрэгт та бүхнийг уриалъя /ВИДЕО/

Г.Занданшатар: “Цэгцрэх хөдөлгөөн”-ий эрчийг алдуулалгүй, улс орноо гажуудлаас гаргах чухал цэгцрэх үйл хэрэгт та бүхнийг уриалъя /ВИДЕО/

Улсын Их хурлын дарга Г.Занданшатар Монгол Улсын иргэдэд хандаж "Шинэ жилийн мэндчилгээ" дэвшүүлжээ. Тэрбээр мэндчилгээндээ, "Улаан залаат, Хөх монголын үр сад элэг нэгт эрхэм хүндэт монголчууддаа шинэ он, шинэ жилийн мэндчилгээг өргөн дэвшүүлье. Ирж буй шинэ ондоо амжилт бүтээлээр арвин, аз жаргалаар бялхаж явахын ерөөл өргөе. Шинэ эргэлтийн шинэ оноо айл өрх, ахан дүүс, хамт олноороо дэлгэр сайхан угтаарай" гэжээ.

ВИДЕО: 

Мөн тэрбээр, "Алдаа, оноо, гажуудал, сургамж хосолсон цаг үеийн сорилтод хэрсүүжин чангарч зөв зүйтэй хөнжил дэвшил, сайхан амьдралын төлөө иргэн бүр сэтгэл зүрхээ нэгтгэн зүтгэж байна.

Алдсан, оносон, суралцсан зоригжсон ард түмэн нэгэнт зөв зүг чигээ олж, худал хуурмагтай үл эвлэрэгч, буруу булхайг үл тэвчигч, саар мууг засан бэхжүүлэгч болж өөрчлөгдөж байна. Авлига, хулгай, утаа, түгжрэл гээд нийгмийн гажуудал бүхнийг дуу нэгтэй шүүмжлэн эсэргүүцэж, төр засгаас шударга үнэнийг нийтээрээ нэхэгч байж чадаж байна. Үүний үр дүнд олон жил бугшсан гажуудлын шалтгаан болох тогтолцооны өөрчлөлтүүд хэрэгжсэн, хийгдсэн, авлигын эсрэг хууль эрх зүйн шинэчлэл цогц хөтөлбөр хуульчлагдсан. Авлигын эсрэг ялын бодлого эрс чангарсан, төрийн хяналт шалгалтын хууль хуульчлагдсанаар гэм буруутнууд ээлж дараалан илэрсээр байна. 

Нийгмийн ужин гажуудлууд нуран задарч, иргэдийн шударга ёсны хүсэмжлэл сэргэж буй нь хөгжих үндэстний хүчирхэгжин эрүүлжих эерэг шинж мөн.  

Дэлхийн уур амьсгалыг тодорхойлогч чимээтэй хүчирхэг хөршүүдийн дунд бид чимээгүй ардчиллыг бэхжүүлсээр байна. Бидний ардчиллын хүч бол парламентын засаглал. Ардчилсан нийгмийн эмх цэгцгүй хөдөлгөөн бол нөгөө талаар цэгцрэх хөдөлгөөний эхлэл юм. Шинэчлэлийн энэ эрчимжсэн инерцийг хэн ч тогтоож дийлэхгүй. Тиймээс нэгэнт эхэлсэн “цэгцрэх хөдөлгөөн”-ий эрчийг алдуулалгүй, улс орноо гажуудлаас гарган, тогтвортой хөгжлийн замд оруулах чухал цэгцрэх үйл хэрэгт та бүхнийг уриалъя” гэжээ.