Ерөнхийлөгч попролгүй мэндчилгээ дэвшүүлсэн нь эерэг өөрчлөлт бөгөөд Ерөнхий сайд, УИХ-ын дарга "шинэ 30 жил" эхэлснийг сануулсан нь улс төрд үе солигдохыг анхааруулав уу

Ерөнхийлөгч попролгүй мэндчилгээ дэвшүүлсэн нь эерэг өөрчлөлт бөгөөд Ерөнхий сайд, УИХ-ын дарга "шинэ 30 жил" эхэлснийг сануулсан нь улс төрд үе солигдохыг анхааруулав уу

Жил бүр он солигдох мөчид Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга баярын мэндчилгээ дэвшүүлдэг уламжлалтай. Тэдний мэндчилгээнээс улс оронд ямар бүтээн байгуулалт өрнөх, аль төсөл урагшлах, улс төрд ямар шийдвэр гарах зэрэг нь тодорхой болдог. 2024 он бол сонгуулийн жил гэдгээрээ онцлогтой. Энэ утгаараа төрийн гурван өндөрлөгийг ард түмэнд бэлэн болон бэлэн бус дэмжлэг амлах болов уу гэсэн таамаглал байсан. Учир нь урд нь тэтгэврийн зээл тэглэх зэрэг популист амлалтыг он солигдох босгонд өгч байсан учраас иргэдэд энэ хэмжээний хүлээлт сүүлийн жилүүдэд бий болоод байсан. Тэгвэл энэ жил тэд ямар нэгэн амлалт өгсөнгүй нь эерэг өөрчлөлт байв.

-ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ҮНДСЭН ХУУЛИАР ОЛГОГДСОН ЭРХ, ҮҮРЭГТ ХАМААРАХ АЖЛУУДАА ТАНИЛЦУУЛСАН НЬ ЭЕРЭГ ӨӨРЧЛӨЛТ БАЙВ-

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн тухайд энэ жил маш даруухан мэндчилгээг дэвшүүлсэн. Тодруулбал, тэрбээр эдийн засаг, гадаад харилцааны салбарыг онцлохын зэрэгцээ өөрийн санаачилсан “Тэрбум мод”, “Хүнсний хувьсгал” төслүүдээ ч дурдахаа мартсангүй. Түүний хэлснээр энэ төслүүд олон улсад үнэлэгдэж чадсан байна. Тэрбээр мэндчилгээндээ “Энэ жил манай улсын эдийн засаг 6.9 хувиар өсөж, гадаад валютын албан нөөц 4.5 тэрбум ам.долларт хүрч, 16.5 хувьд хүрээд байсан инфляц 8.6 хувь болон буурч, төсвийн орлого нэмэгдэж, Монгол Улсын нэгдсэн төсөв цар тахлаас хойш анх удаа ашигтай гарлаа. Мөн манай улсын гадаад бодлого, гадаад харилцаа улам өргөжин бэхжиж, түүхэнд тодоор бичигдэн үлдэх төрийн айлчлалууд амжилттай хийгдэж, монголчууд бидний баялаг түүх, бахдам соёл, суу алдрыг дэлхий дахинд сурталчлан таниулсан, гадаад харилцааны өрнөл бадралын түүхэн он жил байлаа. Монгол Улс энэ жил НҮБ-ын бүх гишүүн орон болох 192 улстай дипломат харилцаа тогтоох зорилтоо бүрэн ханган хэрэгжүүлж чадсан бөгөөд дэлхийн бүх улс оронтой найрсаг харилцаа, хамтын ажиллагаатай боллоо” гэсэн юм.

Өнгөрсөн 2023 онд гадаад харилцааны салбарт Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн барьсан бодлого маш сайн байсан гэдгийг судлаачид хэлж байгаа. Тэрбээр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш, Ромын пап, Францын Ерөнхийлөгч Э.Макрон зэрэг дэлхийн нэр хүндтэй эрхмүүдийг урьж, улсынхаа нэр хүндийг өргөхиийн зэрэгцээ харилцан ашигтай хамтын ажиллагаа, эдийн засагт үр өгөөжээ өгөх томоохон төслүүдийн яриа хэлэлцээг эхлүүлсэн юм.  Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Төрийн тэргүүний статусдаа тохирсон, Үндсэн хуулиар хүлээсэн эрх, үүрэгтээ хамаарах ажлуудаа мэндчилгээндээ онцолсон нь сайшаалтай.  Төгсгөлд нь тэрбээр ард түмнээ эв нэгдэлд уриалж, улс орны нийтлэг эрх ашгаа хамгаалахыг уриалсан. Энэ нь мөн л түүний хийх ажил юм. Түүний мэндчилгээг ЭНД дарж унших.

-ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ТЭМЦЛИЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛЖ, АРДЧИЛЛЫН ШИНЭ 30 ЖИЛ ЭХЭЛЖ БУЙГ ЗАРЛАСАН НЬ МАН ДОТОР ҮЕ СОЛИГДОЖ БУЙГ ИЛЭРХИЙЛЭВ ҮҮ-

Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бол улс орны аж, ахуйн ажлыг үүрч яваа хүн. Энэ үүднээс өнгөрсөн онд хийсэн ажил, энэ онд эхлүүлэх төслүүдээ мэндчилгээндээ дурдав. Тэрбээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй мөн адил эдийн засгийн өсөлтийг онцолсон. Түүний хэлснээс дүгнэвэл бүх салбарт өссөн үзүүлэлт гарсан бөгөөд нийт экспортын орлого 14.9 тэрбум ам.долларт хүрч, цар тахлын өмнөх үеэс хоёр дахин давсан байна. Тэрбээр энэ үеэр "Монгол Улсын төсөв, төлбөрийн тэнцэл анх удаа хамтдаа ашигтай гарлаа. Монгол Улсын валютын албан нөөц 2.7 тэрбумаас 4.5 тэрбум ам.долларт хүрсэн байна. Хөгжлийн банкны асуудал цэгцэрснээр 12 жилийн хугацаанд хуримтлагдсан Чингис бондын 1.5 тэрбум ам.доллар, Мазаалай бондын 500 сая ам.доллар, Гэрэгэ бондын 800 сая ам.доллар, Евро бондын 500 сая ам.доллар, Самурай бондын 200 сая.ам долларын өрийг Монгол Улс бүрэн төлж барагдууллаа. Монгол Улсын Засгийн газар гадаад өрүүдийг төлөхөд өнгөрсөн хугацаанд нийт 13.3 их наяд төгрөг зарцууллаа гэдгийг тодотгосон юм" гэсэн юм. 

Цаашлаад тэрбээр 2023 онд эхлүүлсэн авлигатай тэмцэх ажил үргэлжилнэ, үргэлжлэхдээ өнгөрсөн жилийнх хэт бужигнаж ард түмнийг бухимдуулалгүй үргэлжилнэ гэдгийг сануулаад ардчиллын хоёр дахь давалгаа болсон шинэ 30 жил эхэлж буйг онцолсон юм. Түүний энэхүү үг улс төрд 80 аад оны залуус шинэ үеийг эхлүүлнэ гэсэн утга уу гэх таамаг ч байна. Учир нь МАН дотор үе солигдох процесс эд өрнөж буй билээ. Түүний мэндчилгээг ЭНД дарж унших.

-УИХ-ЫН ДАРГА АРДЧИЛАЛ, ХҮНИЙ ЭРХИЙГ ОНЦОЛЛОО-

Харин УИХ-ын дарга Г.Занданшатарын тухайд өнгөрсөн онд  хуулиудыг шинэлэг хэлбэрээр танилцуулж, идэвхтэй рийлс хийж эхэлсэн. Энэ утгаараа шинэ жилийн мэндчилгээг ч сонирхолтой хэлбэрээр хийжээ.  Түүний тухайд өөрийн үүрэг, хариуцлага, хариуцдаг ажлынхаа онцлогийг мөн мэндчилгээндээ тодотгож өгсөн. УИХ-ын дарга “Авлига, хулгай, утаа, түгжрэл гээд нийгмийн гажуудал бүхнийг дуу нэгтэй шүүмжлэн эсэргүүцэж, төр засгаас шударга үнэнийг нийтээрээ нэхэгч байж чадаж байна. Үүний үр дүнд олон жил бугшсан гажуудлын шалтгаан болох тогтолцооны өөрчлөлтүүд хэрэгжсэн, хийгдсэн, авлигын эсрэг хууль эрх зүйн шинэчлэл цогц хөтөлбөр хуульчлагдсан. Авлигын эсрэг ялын бодлого эрс чангарсан, төрийн хяналт шалгалтын хууль хуульчлагдсанаар гэм буруутнууд ээлж дараалан илэрсээр байна” гэсэн байна.

Мөн гадаад бондын өрийг тэглэсэн нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 5800 доллар, эдийн засгийн өсөлт 6.8 тэрбумд, валютын нөөц 4.5 тэрбумд хүрч өссөн зэргээр Засгийн газрын сайн ажлуудыг магтав.

Тэрбээр бүсчилсэн тойрогтой болж буйгаа мөн мэндчилгээндээ дурдсан нь Еөнхий сайдынхтай ижил байр суурь байв. Мөн тэрбээр Монголын парламент үүргээ хангалттай биелүүлж,  ардчилал, хүний эрх, парламентын ардчиллыг цаашид ч хамгаална. Иргэдийн төр барих оролцоог парламентын ардчиллаар дамжуулан хэрэгжүүлнэ. Энэ ажлын эхлэл өнгөрсөн онд тавигдсан гэж хэлсэн юм. Энэ бол чухам түүний л хэлэх үг билээ. Мөн  цэгцрэх хөдөлгөөнд иргэдийг уриалж, шинэ эргэлтийн шинэ он гэдгийг сануулсан нь анхаарал татсан юм. Шинэ эргэлтийн шинэ он гэж буй нь Ерөнхий сайдын хэлсэн "Ардчиллын шинэ 30 жил" гэх тодорхойлолттой утга нэг үү гэх таамаг ч байна.