Цагдаагийн мөрдөгч асан Ж.Эрдэнэ-Ундрах, хар тамхины хэргээр ял эдэлж байсан Г.Сарангэрэл нарыг "Төрийн нууц задруулсан" хэргээр өнөөдөр шүүнэ

Цагдаагийн мөрдөгч асан Ж.Эрдэнэ-Ундрах, хар тамхины хэргээр ял эдэлж байсан Г.Сарангэрэл нарыг "Төрийн нууц задруулсан" хэргээр өнөөдөр шүүнэ

Цагдаагийн Ерөнхий газрын Хар  тамхитай  тэмцэх газрын мөрдөгч асан Ж.Эрдэнэ-Ундрах, хар тамхины хэрэгт холбогдож, улмаар олны анхаарлыг татаж байсан Г.Сарангэрэл нарт холбогдох Эрүүгийн хэргийг шүүх хурал өнөөдөр /2024.01.02/ товлогджээ. 

Тодруулбал,  дээрх нэр бүхий шүүгдэгч нарт холбогдох хэргийг Тагнуулын ерөнхий газраас шалгаж, улмаар Нийслэлийн прокурорын газраас Ж.Эрдэнэ-Ундрах, Г.Сарангэрэл нарыг Төрийн нууцыг задруулах, худал орчуулах, хэлмэрчлэх гэх зүйл ангиар яллаж, хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн байна. Ингээд шүүх тус хэргийг өнөөдөр буюу нэгдүгээр сарын 02-ны өдөр хэлэлцэхээр товлосон байна. 

Албан бус эх сурвалжийн мэдээллээр  "Ж.Эрдэнэ-Ундрах нь цагдаагийн байгууллагад ажиллаж байхдаа Г.Сарангэрэлээр дамжуулан гүйцэтгэх ажиллагаа явуулсан бөгөөд энэ үеэр гүйцэтгэх ажиллагааны тухай хууль зөрчсөн гэх мэдээлэл байгаа юм."

Эрүүгийн тухай хуулийн 19.12 дугаар зүйл. Төрийн нууцыг задруулах 1-д "Төрийн маш нууцад хамаарах мэдээ, баримт бичиг, эд зүйлийг итгэмжлэгдэн хариуцсан, албан тушаал, ажил үүргийн хувьд мэдсэн этгээд задруулсан нь эх орноосоо урвах, гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах гэмт хэргийн шинжгүй бол гурван жил хүртэл хугацаагаар эрх хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. 2-д "Энэ гэмт хэргийг үйлдэж төрийн онц чухал нууцыг задруулсан бол таван жил хүртэл хугацаагаар эрх хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заажээ. 

Мөн хуулийн 21.3 дугаар зүйл.Худал орчуулах, хэлмэрчлэх 1-д "Шүүхийн шийдвэр гүйцэтгэх болон мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд, эсхүл Монгол Улсын Их Хурлын хянан шалгах түр хороонд үнэн зөв орчуулах, хэлмэрчлэхээ илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал орчуулсан, хэлмэрчилсэн бол гурван сараас хоёр жил хүртэл хугацаагаар эрх хасаж дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ" гэж заасан байна.