МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Хэнтий, Сүхбаатар аймагт, АН-ын дарга Л.Гантөмөр Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт нэр дэвшиж магадгүй байна

МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Хэнтий, Сүхбаатар аймагт, АН-ын дарга Л.Гантөмөр Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт нэр дэвшиж магадгүй байна

Энэ оны зургаадугаар сар /2024.06/-д УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалт болж, парламентад 126 гишүүн сонгогдоно. Ингэхдээ УИХ-ын 78 гишүүн 13 бүсчлэлд хуваасан тойргоос сонгогдох бол, 48 нь улс төрийн намуудын жагсаалтаас тодорно. 

Түүх сөхвөл 2012 оны УИХ-ын сонгуулиа манай улс холимог системээр явуулж, АН дангаараа засгийн газраа байгуулах хэмжээнд олонх болж чадалгүй "олуулаа болж" Н.Энхбаярын МАХН-тай хамтарч байсан түүхтэй. Харин тухайн үед намын жагсаалтын эхэнд МАН, АН-ын дарга нар бичигдэж, зөвхөн намыг сонгох байдлаар хаалттай пропорционалиар системээр санал хурааж байв.

Харин энэ жилийн сонгуулийг нээлттэй пропорциональ системээр санал хураана гэж байгаа ч намын жагсаалтад бичигдэх 48 хүний нэрийг саналын хуудастаа хэрхэн бичих нь тодорхойгүй байгаа юм.

Тэгвэл энэ жилийн УИХ-ын сонгуулиар МАН, АН, ХҮН гээд парламентад суудалтай улс төрийн намын дарга нар жагсаалтад нэрээ бичүүлэхгүй, тойрогт өрсөлдөнө гэдгээ урьдчилсан байдлаар улс төрийн хүрээнд мэдэгдээд байгаа аж.

Тухайлбал,  Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Хэнтий, Сүхбаатар, Дорнод буюу  6 дугаар бүсчлэлд нэр дэвшинэ гэх мэдээлэл байна. Мөн АН-ын дарга Л.Гантөмөр Сүхбаатар, Чингэлтэй дүүрэг буюу 10 дугаар бүсчлэлд нэр дэвших аж. Тодруулбал,  тэрбээр саяхан болсон Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн АН-ын хорооны шинэ жилд оролцож, улмаар тус намын зарим гишүүдэд "Тойргийн гадна нуугдахгүй" гэдгээ илэрхийлсэн байна. Харин УИХ-ын гишүүн, ХҮН-ын дарга Т.Доржханд 2020 оны сонгуулиар Хан-Уул дүүрэгт нэр дэвшин, парламентад сонгогдсон нэгэн. УИХ-ын 2024 оны сонгуулиар 2 дугаар бүсчлэл буюу Говь-Алтай, Завхан, Ховд, Увс аймагт нэр дэвшихээр болжээ.