С.Ганбаатарыг Архангай, Баянхонгорын бүсчлэлд АН-аас нэр дэвшүүлж, Х.Баттулга өөрөө АН-ын жагсаалтын эхний гуравт бичигдэх тухай яригдаж байна

С.Ганбаатарыг Архангай, Баянхонгорын бүсчлэлд АН-аас нэр дэвшүүлж, Х.Баттулга өөрөө АН-ын жагсаалтын эхний гуравт бичигдэх тухай яригдаж байна

“Улс төрч, бурхан хоёрыг үхүүлэх нэг л арга бий, тэр нь “тэднийг мартах” гэдэг. Товчхондоо, улс төрөөс явж өгдөггүй өвөө нарыг хэвлэлээр тогтмол мэдээлж, бичиж байдаг нь тэднийг улс төрд өнө удаан амьдруулж байгаа гээд хэлчихэд нэг их хилсдэхгүй. Тэгвэл монголын улс төрөөс явж өгдөггүй өвөө нар бол Засгийн газар, УИХ-ын гишүүнээс гадна улс төрийн карьерын оргил гэж болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан тушаалыг хүртэл хашиж явсан Н.Энхбаяр болоод Х.Баттулга нар юм.

Харин өдгөө Н.Энхбаяр үеийн хөгшчүүлдээ муугаар хэлүүлж, урдаас нь хэдэрлэн хэрэлдэж хүүгээ УИХ-ын гишүүн болгоод, дагалдагчдаа сайд болгоод өөрөө Төрийн ордон руу үе, үе гүйж явахад, Х.Баттулга Баянгол зочид буудал Сингапур хоёрын дунд ёстой л жим гартал ирж, очин яваа нэгэн.

Тодруулбал,  тэрбээр “Нүүрсний сонсгол”-ын үеэр Сингапур руу гараад явчихсан гэх мэдээлэл бий. Учир нь Эрдэнэс тавантолгой ХК-ийн нүүрсээр Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд бүдүүн царигтай, мухар төмөр зам барьсан цаад эзэн бол Х.Баттулга. Иймээс тэрбээр өөрт нь хамааралтай асуудал ярих болохоор өвдөнө, эсвэл гадаад руу гараад явчихдаг гэдэг. Тэрбээр энэ удаа Сингапур явсан нь түүний орос эхнэр, хүүхдүүд нь тэнд амьдарч байгаа гэх мэдээлэл байна.

-Х.БАТТУЛГА ӨӨРИЙН ХУУЧИН ТОЙРОГ БОЛОХ БАЯНХОНГОР АЙМГИЙГ С.ГАНБААТАРТ ӨГЧЭЭ-

Тэгвэл Х.Баттулгыг гадаадад явсан хойгуур Монголын ардчилсан холбоо /МоАХ/ гэх түүний фракцын гишүүд болох УИХ-ын гишүүн С.Ганбаатар, А.Адъяасүрэн, АН-ын дэд дарга Ш.Түвдэндорж, П.Галиндэв, Нийслэлийн Ардчилсан намын дарга Т.Батцогт, АЗХ-ны Ерөнхийлөгч Б.Ган-Очир нар уржигдар /2024.01.01/ хуралдаж “бүсчилсэн хөгжлийн зарчмаар ажиллана” гэдгээ ярилцсан юм байх. 

Үнэндээ эдгээр хүмүүс бол Х.Баттулгын дэмжлэгтэйгээр УИХ-ын 2024 оны сонгуульд АН-аас нэр дэвшихээр горилж байгаа хэсэг бүлэг аж. 

Тодруулбал,  2020 онд Орхон аймагт бие даан нэр дэвшиж, парламентын гишүүнээр сонгогдсон С.Ганбаатарыг энэ жилийн сонгуульд 1 дүгээр бүсчлэл буюу Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгуудад АН-аас нэр дэвшүүлнэ гэсэн тохироог Х.Баттулга тус намын дарга Л.Гантөмөртэй хийжээ. Харин Х.Баттулга энэ жилийн сонгуульд нэр дэвшихгүй хэмээн “бусдад сонсогдох”-оор тод ярьж байгаа ч, үнэндээ нэр дэвшинэ гэдгээ эрт илэрхийлбэл шүүх, цагдаад шалгагдана гэдгээ тооцож байж магадгүй хэмээн хардах хүмүүс ч олон байна. Учир нь Х.Баттулга энэ жилийн сонгуулиар АН-ын жагсаалтын эхний гуравдугаарт бичигдэх тохироо, шахалтыг хийсэн гэж тус намын гишүүдийн дунд яригдаж эхэлжээ. 

-Х.БАТТУЛГА, С.ГАНБААТАР НАР "ХӨХ ТУГ" ХЭМЭЭН ТОЙРЧ, АН-ЫН НЭРИЙГ ӨӨРЧЛӨХ ТАЛААР СУДАЛГАА АВАВ-

Х.Баттулга, С.Ганбаатар нарыг АН-ыг сулруулж, үгүй хийх даалгавартай гадаадын гар хөлүүд гэж хардах иргэд ч цөөнгүй бий. Учир нь АН-ын зарим лидерүүдэд нэр хоч өгч, ирээдүйд улс төрийн карьергүй болгосон хүн бол Х.Баттулга гэдэг. Тухайлбал, Г.Батхүү агсныг Тангаргийн буг, н.Батчимэг агсныг Тайваны тагнуул, Х.Тэмүүжинг Сайн ах, Ц.Баярцогтыг Хятад, М.Энхсайханыг Террорист хэмээн нэрлэсэн гэдэг. 

Харин өнгөрөгч зун Х.Баттулга, С.Ганбаатар нар "Хөх туг" аян гэх нэрийдлээр зарим аймаг сумдад хүрэлцэн очиж, иргэдтэй уулзаж АН-ын нэр, логог өөрчлөх санал асуулга, судалгааг авсан байдаг. 

Тодруулбал, тэдний судалгаа нь, "1. Ардчилан нам өнөөгийн нэрээ хадгалах нь зүйтэй эсэх, 2. АН-ын бэлэгдэл, туг далбаа ямар байх, 3. Үндэсний эрх ашиг, Монголын төлөөх язгуур чанарыг намын дүрэмд хэрхэн тусгах" гэсэн гурван асуулттай байсан байдаг.

Харин С.Ганбаатар өнгөрөгч 11 дүгээр сард Ховд аймагт очин, иргэдтэй уулзалт хийх үеэрээ, “Эрдэнэбүрэнгийн цахилгаан станц бидний гол усанд аюул учрах уу гэдэгт хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт гаргах нь чухал байна. Мөн уран газар ээжийн хэвлийн рүү хор шахахад тэндээс үүл босож ууршаад тэр үүл нь нүүж ирээд энд буухад энд байгаа ургамлуудыг бүгдийг нь байхгүй болгох уу гэдгийг судалгаагаар гаргаж ир гэж би хэлж байгаа. Бидний хойч ирээдүйн сайхан амьдрах баталгаа бол дэлэнт малынхаа дэлэнг шувтрахад бол бид 1000 жил ч байж л байна. УИХ-ын гишүүд бүгд лоббидуулсан учир би та нарт хандаж байна” хэмээн ярьж монголын усан цахилгаан станц, ураны төслийг эсэргүүцсэн байдаг.