"УИХ-ын гишүүн Б.Энхбаяр сонсголын үеэр хууль зөрчсөн тул Үндсэн Хуулийн Цэцэд өгсөн" гэж Ж.Эрхэмбаатар мэдэгдлээ

"УИХ-ын гишүүн Б.Энхбаяр сонсголын үеэр хууль зөрчсөн тул Үндсэн Хуулийн Цэцэд өгсөн" гэж Ж.Эрхэмбаатар мэдэгдлээ

Цахим Хөгжил Харилцаа Холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар нүүрсний сонсголоор яригдсан асуудлын талаар Төрийн ордонд өнөөдөр /2024.01.03/ тайлбар мэдээлэл өгчээ.

Тэрбээр "Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард нүүрсний сонсгол болсон. УИХ-ын хянан шалгах, нийтийн сонсголын тухай хуулиар нүүрсний сонсголыг маш нарийн хуульчилж өгсөн ч УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Хянан шалгах түр хорооны даргаар ажиллах үеэрээ зарим нэг хууль тогтоомж зөрчсөн үйлдэл, үйл ажиллагаа хийсэн. Тухайлбал, Нүүрсний сонсголын үеэр намайг нэгэн тээврийн компанитай холбож, тодорхой ашиг сонирхолтой, бизнес хийдэг, гэмт хэрэг хамтарч хийсэн, ашиг хүртдэг гэсэн мэдээллийг олон нийтэд түгээсэн.  Сонсгол хууль эрх зүйн орчинд зохион байгуулагдах зохицуулалттай.  

Энэ сонсголын үндсэн чиг үүрэг нь иргэдийн мэдээлэл авах эрхийг хангах ёстой. Гэтэл хэлэлцүүлгийн явцад хэн нэгэн хүний нэр дурдагдах, гэмт хэргийн болон зөрчлийн холбоотой мэтээр зарлах нь Үндсэн хуульд заасан хүний эрхэд халдаж байгаа үйлдэл. Тиймээс би Хяналт шалгалтын үеэр танилцуулагдсан нотлох баримтуудын үнэн зөвийг нягтлах үүргээ биелүүлээгүй УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг Үндсэн хуулийн цэцэд өгсөн.

Мөн Шинжээч нь худал мэдээлэл, дүгнэлт гаргавал эрүүгийн хуулиар хариуцлага хүлээх үүрэг хүлээсэн албан тушаалтан. Гэвч миний асуудал дээр Шинжээч ямар нотлох баримтыг үндэслээд юунд хүрсэн нь харагдаагүй ч, дүгнэлт танилцуулагдсан. Дүгнэлтээр миний биеийг "Нэмэх тээвэр" ХХК-тай хамтарч бизнес эрхэлдэг юм шиг зарласан. Улсын бүртгэлийн нэг нүүр лавлагаанаас миний биетэй ямар ч хамааралгүй болох нь харагдаж байгаа.

2019 он хүртэл "Нэмэх тээвэр" ХХК-ийн хувьцааг иргэн Б гэж хүн эзэмшиж байсан. Хожим миний эзэмшиж байсан "Мастермикс" ХХК-ийг иргэн Б хоёр найзын хамт ирээд худалдаж авсан байгаа юм. Энэхүү шилжүүлэх процессын үед би энгийн иргэн байсан. Тиймээс нэгэнт авагдсан нотлох баримтыг үнэлээд дүгнэлтэд хүрсэн шинжээчийн талаар цагдаад гомдол гаргачихсан байгаа. Шинжээч цагдаад очиж олон нийтэд танилцуулаагүй ямар баримт байгаа талаар тайлбар өгөх ёстой.  Би цагдаа болон Үндсэн хуулийн цэцэд хандаад буй гол зорилго нь нэр төртэй байх эрхээ хамгаалахыг зорьж байна. 2014 оны өгсөн зээлд 2023 онд томилогдсон миний бие яаж нөлөөлөх вэ. Тэр үед би хорин хэдэн настай залуу хүү өмгөөлөгч хийгээд явж байсан" гэлээ.