Цэргийн бүртгэлээ хийлгээгүй бол 100 мянган төгрөгийн торгууль төлнө

Цэргийн бүртгэлээ хийлгээгүй бол 100 мянган төгрөгийн торгууль төлнө

Өнөөдөр орон даяар цэргийн бүртгэл эхэлж байна. 15 хоног үргэлжлэх бүртгэлийн талаар Нийслэлийн цэргийн штабаас мэдээлэл өгөв.

НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт ярихдаа “Монгол Улсын зэвсэгт хүчин, батлан хамгаалахын салбар уг бүртгэлээр цэргийн бэлтгэл үүрэгтний тоог гаргадаг. Энэ нь цэргийн бэлтгэл үүрэгтний тоо, чанарыг тодорхойлдог юм. Бүртгэлийг цаасан болон цахим хэлбэрээр явуулна. Хэрэв цэргийн бүртгэлд хамрагдаагүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 5.17 дугаар зүйлийн дагуу 100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 100 мянган мөнгөн төгрөгөөр торгоно. Гэхдээ иргэдийг бүх зүйлд торгоно, хариуцлага тооцно гэсэн өнцгөөс битгий хараасай гэж хүсэж байна. Иргэд хаана байхаас үл шалтгаалан цэргийн бүртгэлдээ хамрагдах боломжтой” гэв.

Цэргийн бүртгэлд 65 хүртэлх насны бэлтгэл офицерууд, 18-60 нас эрэгтэйчүүд хамрагдана. Бүртгүүлэхдээ иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх, бэлтгэл офицерын үнэмлэх, ажлын газрын үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэхгүй бол 3х4 см хэмжээтэй хоёр ширхэг цээж зураг хавсаргах юм. Ингэхдээ ажлын өдрүүдэд 08:00-18:00, амралтын өдрүүдэд 09:00-16:00 цаг хүртэл өөрийн харьяа хороон дээр очиж бүртгүүлнэ.

Үүнээс гадна И-Монголиа системээр бүртгүүлж болно. Энэ талаар төслийн менежер Б.Батзул ярихдаа “И-Монголиа систем нь гурван сувгаар хүсэлт хүлээн авна. Үүнд вебээр, гар утасны апплекэйшн болон төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн оператор ажилтнаар дамжуулан хүсэлтийг хүлээж аван шийдвэрлэж байна. Иргэд хүсэлтээ илгээсний дараа илгээсэн төлөвт шилжинэ. Үүний дараа тухайн харьяа байгууллагын цэргийн штабын алба хаагчид хүсэлт очиж зөвшөөрөл олговол “зөвшөөрөв” гэх төлөвт шилжинэ. Иргэд мэдээллээ дутуу бөглөх, цэргийн үүрэгтний үнэмлэхээ буруу хавсаргаж мэдээллээ илгээдэг. Тэр үед засварт буцаасан төлөвт шилжинэ. Ийм төлөвт шилжсэн бол мэдээллээ засварлаад дахин илгээж болно” гэв.