Л.Оюун-Эрдэнийн ЗГ-ын сайд нараас Б.Чойжилсүрэн, Х.Булгантуяа тойргоо солих бол бусад нь хуучиндаа нэр дэвшинэ

Л.Оюун-Эрдэнийн ЗГ-ын сайд нараас Б.Чойжилсүрэн, Х.Булгантуяа тойргоо солих бол бусад нь хуучиндаа нэр дэвшинэ

Улс төр намууд зургаан сарын дараа болох УИХ-ын сонгуульд бэлдэж дотооддоо бужигнасаар байна. Энэ жил УИХ-ын сонгуулийн санал хураалтыг зургаадугаар сарын 26-ны өдрийн лхагва гарагт гэж товлосон. Тэгвэл Засгийн газрын сайд нарын хэн нь, хаана нэр дэвших тухай мэдээллийг бид хүргэж байна. Л.Оюун-Эрдэнийн тэргүүлдэг Засгийн газрын сайд нар бүгд ачаа үүрч тойрогт нэр дэвшинэ гэдгээ мэдэгдсэн.

-САЙД НАР АЧАА ҮҮРЧ ТОЙРОГТ НЭР ДЭВШИНЭ-

Тэднийг жагсаалтад оруулахгүй, тойрогт нэр дэвшүүлнэ гэдгийг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдэгдсэн. Тухайлбал,  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрөө тойргоо солихгүй Хэнтий, Сүхбаатар, Дорнод руу явна гэж буй. Харин Засгийн газрын сайд нарын хувьд ихэнх нь тойргоо солихгүй бол Увсаас хэдэнтээ сонгогдсон Б.Чойжилсүрэн тойргоо сольж Хан-Уулд нэр дэвшинэ гэх мэдээлэл байна. Мөн Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяагийн рейтинг Баянзүрх дүүрэгт тааруу гарсан учир Завхан руу явахаар ярьж байгаа аж.

Спорт, олимпизм хариуцсан сайд Б.Бат-Эрдэнэ Хэнтий аймагтаа дахин нэр дэвшинэ гэж өөрөө мэдэгдсэн ч нам нь явуулахгүй оронд нь н.Ганбямбын хүү Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч асан Г.Дөлгөөнийг нэр дэвшүүлнэ гэж байгаа аж. 

Харин Засгийн газарт сууж байгаа МАХН-ын ганц төлөөлөл, Боомт хариуцсан сайд Б.Тулга Сонгинохайрханд нэр дэвшихээр яриа тохироогоо хийж явна. Сонгинохайрханд мөн Соёлын сайд Ч.Номин нэр дэвших аж. 

ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮДИЙН НЭР ДЭВШИХ ТОЙРГУУД: 

  1. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хэнтий, Сүхбаатар, Дорнод
  2. Шадар сайд С.Амарсайхан: Налайх, Багануур, Багахангай
  3. Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар: Увс, Ховд, Завхан, Говь-Алтай
  4. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг: Баянхонгор, Өвөрхангай, Архангай
  5. Сангийн сайд Б.Жавхлан: Сэлэнгэ, Дархан-Уул, Төв
  6. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ: Хөвсгөл, Орхон, Булган
  7. Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр: Баянхонгор, Өвөрхангай, Архангай
  8. Боловсрол, шинжлэх ухаан сайд Л.Энх-Амгалан: Хөвсгөл, Орхон, Булган
  9. Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн: Хөвсгөл, Орхон, Булган /нэр дэвшүүлэх эсэхийг ярилцаж байгаа/
  10. Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт: Увс, Ховд, Завхан, Говь-Алтай
  11. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа: Увс, Ховд, Завхан, Говь-Алтай /Баянзүрх дүүрэгт рейтинг муу гарсан/
  12. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун: Дорнод, Хэнтий, Сүхбаатар
  13. Эрүүл мэндийн сайд С.Чинзориг: Баянхонгор, Өвөрхангай, Архангай
  14. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар: Баянгол дүүрэг
  15. Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн: Хан-Уул дүүрэг
  16. Соёлын сайд Ч.Номин: Сонгинохайрхан
  17. Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал: Сүхбаатар, Чингэлтэй дүүрэг
  18. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан: Увс, Ховд, Завхан, Говь-Алтай
  19. Монгол Улсын сайд, Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан: Дорноговь, Дундговь, Өмнөговь
  20. Спорт, олимпизм хариуцсан сайд Б.Бат-Эрдэнэ: Хэнтий, Сүхбаатар, Дорнод /нам нь дэвшүүлэхгүй талаар ярьж байгаа. Оронд нь Монголбанкы тэргүүн дэд дарга асан Г.Дөлгөөнийг дэвшүүлэх мэдээлэл байна /
  21. Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Б.Тулга: Сонгинохайран