“Вашингтон дахь Монголын элчин сайдын яамнаас сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн талаар тайлбар хүссэн ч хариу ирээгүй байна” гэж Америкийн дуу хоолой агентлаг мэдээлжээ

“Вашингтон дахь Монголын элчин сайдын яамнаас сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн талаар тайлбар хүссэн ч хариу ирээгүй байна” гэж Америкийн дуу хоолой агентлаг мэдээлжээ

Zarig.mn сайтын ерөнхий эрхлэгч Н.Өнөрцэцэгийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 4-ний өдөр цагдан хорьсон бөгөөд хорих хугацааг дахин 30 хоногоор сунгаад байгаа билээ. Тэгвэл АНУ-ын иргэдийн дуу хоолой болсон "voanews" агентлаг сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн талаар мэдээлэл гаргажээ.

Тус нийтлэлд, "Монголд сэтгүүлчид шоронд хоригдох тохиолдол ховор байдаг ч тус улсын нөлөө бүхий сэтгүүлчдийн нэг Н.Өнөрцэцэгийн баривчлагдсан явдал хэвлэл мэдээллийнхнийг цочирдуулж байна. Н.Өнөрцэцэг нь өөрийн асуултад хариулт авахын тулд албан тушаалтнуудын араас хөөцөлдөхөөс айдаггүй сэтгүүлч гэдгээрээ Монголд нэр хүндээ олж чадсан. “Зариг” мэдээллийн сайтын ерөнхий эрхлэгчийн хувьд сүүлийн таван жилийн хугацаанд гүтгэлгийн хэргээр арав гаруй удаа шалгагдаж, тэмцэж байсан ч улмаар өнгөрсөн сард баривчлагдсан байна.

Эхэндээ худал мэдээлэл тараасан, шүүхийг үл хүндэтгэсэн гэх үндэслэлээр цагдан хоригдож байсан ч хожим нь гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан гэх ноцтой хэргүүд болон даамжирчээ.

Мөн өчигдөр Монгол дахь цагдаа нар хэвлэлийн танхимд нь нэгжлэг хийсэн байна. Монгол Улсын хуульд зааснаар шүүх хурал эхлэх хүртэл цагдан хорих хугацааг нэг жил хүртэл хугацаагаар сунгах боломжтой байдаг гэж Н.Өнөрцэцэгийн өмгөөлөгч П.Эрхэмбаяр хэллээ. Сэтгүүлчийг 10 зүйл ангиар буруутгаж байгаа бөгөөд хэрвээ гэм буруутай нь нотлогдвол найман жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэгдэх боломжтой гэнэ. Харин Н.Өнөрцэцэг бүх буруутгалыг үгүйсгэж байгаа бөгөөд Олон улсын болон Монголын хэвлэлийн эрх чөлөөний байгууллагууд энэ баривчилгааг улс төрийн зорилготой гэж буруушааж байгаа юм. АНУ-ын Вашингтон дахь Элчин сайдын яамнаас "Америкийн дуу хоолой" агентлаг цахим шуудангаар тайлбар хүссэн ч хариу ирүүлээгүй байна" гэжээ. Эх сурвалжийн мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.