Л.ОЮУН-ЭРДЭНЭ 3 ЖИЛД: Монгол Улсын иргэд АНУ руу шууд нисэх бол Дубай, Вьетнам руу визгүй зорчдог болсон

Л.ОЮУН-ЭРДЭНЭ 3 ЖИЛД: Монгол Улсын иргэд АНУ руу шууд нисэх бол Дубай, Вьетнам руу визгүй зорчдог болсон

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн АНУ-д айлчилсан айлчлалын үеэр хоёр улсын хооронд шууд нислэгтэй болох шийдвэр гарсан. Албаныхны хэлж буйгаар уг ажил ирэх тавдугаар сараас биелэлээ олж, эхний ээлжинд АНУ-ын Сан Франциско хот руу шууд нислэг үйлдэх ажээ.

-МОНГОЛ УЛСЫН ИРГЭД АНУ РУУ ШУУД НИСЭХЭЭС ГАДНА ДУБАЙ, ВЬЕТНАМ РУУ ВИЗГҮЙ ЗОРЧИНО-

Өнгөрсөн хугацаанд хоёр тал шууд нислэгийг эхлүүлэхэд бэлдэж, МИАТ ТӨХК холын зайг нэг цэнэглэлтээрээ туулах чадвартай "Боинг 787" нисэх онгоцыг АНУ-аас хамгийн бага үнээр худалдан авсан. Мөн АНУ-ын Тээврийн аюулгүй байдлын захиргаа /Transportation Security Administration/-наас хийгдэх нисэхийн аюулгүй байдлын үнэлгээнд хамрагдах бэлтгэл ажлыг хангахад зөвлөгөө өгөх, судалгаа хийх зорилготойгоор тус байгууллагын төлөөлөгч хатагтай Шерри Сото-гоор ахлуулсан дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй эксперт мэргэжилтнүүдийн баг Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд ажилласан. Шууд нислэг нь маш олон хүний цаг зав, мөнгө санхүүг хэмнэсэн ажил. Тэр хэрээр хүмүүст хүлээлт ч их байсан.

Манай улсаас АНУ руу жилд дунджаар 60 мянга орчим иргэн зорчиж, 30-50 цаг, 2000-4000 ам.долларын тийз төлдөг гэх баримт бий. Харин шууд нислэгтэй болсноор тийзийн үнэ 1000-1500 доллар болохын зэрэгцээ  нислэгт зарцуулах хугацаа 10-12 цаг болж богиносон 3-4 дахин хэмнэнэ.

Үүнийг дагаж ая тухтай зорчих, олон улс руу гарч буй мөнгөн урсгалыг дотооддоо үлдээх, үндэсний агаарын тээвэрлэгчдийн өрсөлдөх чадвар нэмэгдэж, агаарын харилцаа, нислэгийн сүлжээ өргөжин хөгжих боломж нээгдэх юм.

Ташрамд дурдахад,  Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан Зам, тээврийн хөгжлийн яамнаас агаарын харилцааг өргөжүүлэх, нислэгийн чиглэл, давтамжийг богино хугацаанд эрчимтэй нэмэгдүүлэх зорилт тавьж, 2023-2024 онд шинээр 10 орчим улстай агаарын харилцааны хэлэлцээр байгуулахаар төлөвлөсөн мөн орон нутгийн нислэгүүдийг сэргээсэн. Цаашлаад БНСУ руу жуулчид визгүй, Дубай, Вьетнам гэх мэт улс орон руу иргэд визгүй зорчиж эхлээд байна. 

Энэ талаараа Засгийн газар гурван жилийн ажлын тайлангаа ард иргэддээ тайлагнахдаа илүү дэлгэрэнгүй мэдээллэх аж. Засгийн газрын гурван жилийн ой энэ сарын 27 /2024.01.27/-нд тохионо. 

Манай улсын Засгийн газрын бүрэн эрхийн дундаж хугацаа 1.5 жил болж, дөрвөн жил бүтэн ажиллаж чадахгүй болоод удсан. Тэгвэл Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар гурван жил ажиллаж, энэ хугацаанд хийсэн ажлаа ард иргэддээ тайлагнахаар бэлдэж байгаа аж. Тодруулбал, энэ сарын 26-ны баасан гарагт Засгийн газар гурван жилийн тайлангаа ард иргэддээ тавих бөгөөд салбар яам бүхэн хийсэн ажлаа тайлагнахаар бэлдэж байна. Гэхдээ Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ өөрчлөгдөөгүй ч өнгөрсөн гурван жилийн хугацаанд хоёр ч удаа танхимдаа томоохон өөрчлөлт, сэлгээ хийсэн.