УИХ-ын Тамгын газрын даргаас Цэцийн гишүүн болсон Л.Өлзийсайханы "ойрын хүн" Төрийн албан зөвлөлд нэр дэвшжээ

УИХ-ын Тамгын газрын даргаас Цэцийн гишүүн болсон Л.Өлзийсайханы "ойрын хүн" Төрийн албан зөвлөлд нэр дэвшжээ

Төрийн албаны зөвлөл /ТАЗ/-ийн дарга Б.Баатарзориг, зөвлөлийн гишүүн С.Цэдэндамба нарын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болоод нэлээдгүй хугацаа өнгөрч байгаа. Үүнтэй холбоотойгоор сул орон тоонд БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн, УИХ-ын Тамгын газрын Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга Б.Пүрэвдагва нарыг нэр дэвшүүлээд байгаа аж. 

-БЗС-ГИЙН ХЭРЭГТ ШАЛГАГДАЖ БАЙЖ БОЛЗОШГҮЙ Л.ЦЭДЭВСҮРЭНГ НЭР ДЭВШҮҮЛЭВ-

Тэгвэл Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшигч Л.Цэдэвсүрэнг Монгол Улсын Засгийн газраас нэр дэвшүүлэн, томилох саналыг оруулсан байна. Л.Цэдэвсүрэнгийн тухайд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар ажиллаж байхад танхимынх нь сайд байсан нэгэн. Энэ ч утгараа түүнийг Ерөнхийлөгч Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлж, зүтгүүлж байгаа гэх мэдээлэл байна.

Харин зарим эх сурвалжууд, "Л.Цэдэвсүрэнгийн тэтгэврийн нас болсон байхад ТАЗ-ийн гишүүнд нэр дэвшүүлж байгаа нь Төрийн албаны тухай хуулийг зөрчиж байгаа хэрэг. Үүнийг анхаарах ёстой" гэдгийг хэлж байгаа юм. Нөгөөтээгүүр нэр дэвшигч Л.Цэдэвсүрэнг Боловсролын зээлийн сангийн хэрэгт шалгагдаж байгаа гэх мэдээлэл ч байна. Учир нь тус сантай холбоотой шүгэл үлээсэн О.Сийлэгмаа нь Л.Цэдэвсүрэнг шалгуулахаар АТГ-т хандаж байсан юм. 

-ЦЭЦИЙН ГИШҮҮН Л.ӨЛЗИЙСАЙХАН, НЭР ДЭВШИГЧ Б.ПҮРЭВДАГВА НАР ШЕЗ ЗЭРЭГ ГАЗАРТ ХАМТ АЖИЛЛАЖ БАЙСАН ОЙРЫН ХҮМҮҮС АЖ-

Харин нэр дэвшигч Б.Пүрэвдагвыг УИХ-ын дарга Г.Занданшатар санал болгож, оруулж иржээ. Түүнийг төрийн албанд олон жил ажилласан, шаардлагад нийцсэн хэмээн УИХ-ын дарга онцолсон байна. Гэхдээ үүний цаана мөн олны хардлага явна.

Тодруулбал,  нэр дэвшигч Б.Пүрэвдагва нь өнгөрөгч 2023 онд УИХ-ын Тамгын газрын Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн даргаар томилогдсон атал нэг жил ч хүрэхгүй хугацааны дараа ийнхүү ТАЗ-ийн гишүүнд нэр дэвшүүлж байгаа нь учиртай аж.

Б.Пүрэвдагвын хувьд УИХ-ын дарга Г.Занданшатарын хүн гэгдэх саяхан Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдсон Л.Өлзийсайханы ойрын хүн бөгөөд энэ ч утгаараа ТАЗ-ийн гишүүнд нэр дэвшүүлсэн байж магадгүй байна. Тодотговол Б.Пүрэвдагва нь Үндсэн хуулийн цэцийн гишүүн Л.Өлзийсайханыг Шүүхийн ерөнхий зөвлөл /ШЕЗ/-ийн Шүүхийн хүний нөөцийн газрын даргаар ажиллаж байхад нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын алба, хүний нөөц хариуцсан референт, ахлах референтээр ажиллаж байсан байна. Мөн Л.Өлзийсайханыг УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байх хугацаанд Б.Пүрэвдагва нь УИХ-ын Тамгын газрын Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн даргаар томилогджээ. Ямартай ч дээрх нэр дэвшигч нартай хийх сонсгол ирэх долоо хоногт буюу нэгдүгээр сарын 16-ны өдөр болох юм.