Нүүрсний сонсголд ирээгүй Ерөнхийлөгч асан Х.Баттулга "Ирээд тайлбараа өгсөн" гэж худал хэлэв

Нүүрсний сонсголд ирээгүй Ерөнхийлөгч асан Х.Баттулга "Ирээд тайлбараа өгсөн" гэж худал хэлэв

Ерөнхийлөгч асан Х.Баттулга Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарын өргөн мэдүүлсэн Хөрөнгө оруулалтын хуулийг эсэргүүцэж, УИХ-ын дарга Г.Занданшатарт өнөөдөр /2024.01.10/ өөрийн биеэр шаардлага өглөө. 

Тэрбээр энэ үеэр "Ч.Хүрэлбаатарын өргөн барьсан Хөрөнгө оруулалтын гэгч хуулийн талаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүний хувьд санаа зовниж мөн Г.Занданшатартай Аюулгүй зөвлөлд хамт ажиллаж байсны хувьд шаардлага хүргүүллээ. Газрын асуудлыг олон нийтээр хэлэлцүүлээч, энэ асуудлаар хөнгөн хуурмаг хандаж болохгүй. Нэг нам дангаараа олонх байгаа тохиолдолд нарийн эмзэг асуудлыг дараагийн парламентаараа хэлэлцүүлэх хэрэгтэй. 1993 оны Гадаадын хөрөнгө оруулалтын хуульд тавигдсан 100 мянган долларыг 2013 оны 100 мянган доллар гэж тайлбарлаад толгой эргүүлээд байна. 100 мянган долларын босго алга болоход хөрөнгө оруулагч нэрээр ямар ч хүн орж ирээд манай газрыг эзэмшээд оршин суух нөхцөл байдлыг бий болгосон цоорхой хуулийг оруулж ирсэн байна. Тэгэхээр үүнийг дараагийн парламентаараа хэлэлцүүлэх хэрэгтэй. АН-ын гишүүдийнхээ хамтаар орж уулзлаа. Г.Занданшатар дарга хүлээж авч байна. Хүлээж авах ёстой л доо" гэлээ.  Үргэлжлүүлэн сэтгүүлчдийн асуултад хариулахдаа "Би нүүрсний сонсголд ирээд тайлбар өгсөн" хэмээн худал хэлэв. Ташрамд дурдахад, өнгөрсөн сард болсон Нүүрсний сонсголд түүнийг гэрчээр дуудсан ч ирээгүй биолээ. 

-Гаднын хөрөнгө оруулалт маш их багасаад байна гэж байна?

-Гаднын хөрөнгө юунаас болсон бэ гэхээр та бүхэн санаж байгаа байх. Ерөнхий сайдаар Ч.Сайханбилэг ажиллаж байхад Японы тухайн үеийн Ерөнхий сайд Абэ Шинзо Монголд ирээд Өмнөговийн Тавантолгойд хөрөнгө оруулна гээд санамж бичиг зурсан. Ингээд санамж бичиг зураад япончууд хөрөнгө оруулах юм байна гэсний дараахан асар том довтолгоо болсон. Намайг УИХ-ын гишүүн байхад Баянгол зочид буудал дээр над руу дайрч, баривчилна гэсэн төрийн том дайралт болж байсан. Тухайн үед Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж байсан. Ингээд Японы хөрөнгө оруулалтыг зогсоож байсан.

Та бүхэн санаж байгаа бол Ерөнхий сайд Н.Алтанхуяг байх үед Тавантолгойд Бразил, Энэтхэг, ОХУ, Японы консерциум гээд гаднын хөрөнгө оруулалт орох үеийн шийдвэрээ болиод Хятадын Шинхуа компанид өгөх болсон. Гадаадын хөрөнгө оруулалтыг манай хууль тогтоох байгууллагууд өөрсдөө үгүйсгээд байдаг учраас энэ тал дээр эргэн хараачээ гэдэг саналууд байна.

-Хөрөнгө оруулалтын энэхүү хуулийг баталчихвал эрсдэл нь юу байна гэж та харж байна вэ?

-Өрөөсгөл хууль. Намын, намын бүлэг шийдвэр гаргалаа гээд шийдээд яваад байвал болохгүй. Намын бүлэг гурван сая гаруй монголчуудын эрх ашгийг хамгаалж чадахгүй.

-Хөрөнгө оруулалтын төслийг орж ирэнгүүт төмөр замаар танк ороод ирнэ гэдэг шиг тактик яваад байна гэдэг байр суурьтай УИХ-ын гишүүд байгаа. Гадаадын хөрөнгө оруулагчдыг татах асуудалд ямар бодлого шаардлагатай гэж та харж байна вэ?

-Манай хууль тогтоомж тогтвортой байх ёстой. Гадаадын хөрөнгө оруулалт гэдэг үг орчин үед дэлхий даяар гадаадын хөрөнгө оруулалтын орчин гэдэг хуулиар өөрчлөгдсөн байгаа.

-Та Ерөнхийлөгч байхдаа Ч.Хүрэлбаатар сайдын төслүүдэд хориг тавьж байсан. Хувь хүн талаас нь хандаад байгаа юм уу?

-Ч.Хүрэлбаатартай хувь хүн талаасаа асуудал байхгүй.

-Нүүрсний сонсголд ямар шалтгаанаар ирээгүй вэ. Таныг гэрчээр дуудсан шүү дээ?

-Ирсэн. Ирээд тайлбараа өгсөн. Ерөнхийлөгч нар оффтэйк гэрээ хийдэггүй юмаа.

-Тог, цахилгаан таслахад таныг нөлөөлж байгаа гэж хардаад байх шиг байна?

-Одоо ер нь нөлөөлөөгүй юм байгаа юмуу. Нэг хүн халтираад унахад хүртэл намайг л бичсэн байх шиг.

-Та оросуудтай хуйвалдаад үнэхээр нөлөөлөөд байдаг юм биш үү?

-Юу гэж тийм юм байхав.

-Төмөр замын асуудалд та ямар байр суурьтай байгаа вэ?

-Төмөр замын асуудал бол монголчуудын бахархал. Мухар төмөр зам биш. Говийг эзэнжүүлсэн асар том төрийн бодлого хэрэгжсэн юм. Үүнд хорсоод байгаа хүмүүс байх шиг байна.

-Маш өндөр дүнгээр барьсан гээд байгаа?

- Үгүй, үгүй.

-Та УИХ-ын сонгуульд нэр дэвших үү?

-Мэдэхгүй. Би дэвшихгүй байх.