Ч.Хүрэлбаатар: Гадны иргэдэд 60 жилээр газар "өмчлүүлэх" гэснийг "ашиглуулах" болгож өөрчлөх хуулийг л би санаачилсан. Гэтэл зориудаар харлуулж байна

Ч.Хүрэлбаатар: Гадны иргэдэд 60 жилээр газар "өмчлүүлэх" гэснийг "ашиглуулах" болгож өөрчлөх хуулийг л би санаачилсан. Гэтэл зориудаар харлуулж байна

Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар өнөөдөр /2024.01.10/ мэдээлэл хийлээ.

Тэрбээр, "Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Хятадын эрлийз гэх мэт гүтгэлгийн мэдээнүүдийг тараасан. Дараа Монгол Улсын газрыг 100 жилээр нь гадаадынханд өгөх гэж байна гэсэн гүтгэлгийг гаргасан. Энэ бүхнийг зохион байгуулж байсан эзэн бол Х.Баттулга. Өнөөдөр гарч ирж, УИХ-ын даргад шаардлага хүргүүлж байна. Би Х.Баттулга гэх хүнийг ерөнхийлөгч байхад нийт долоон удаа хориг авч байсан. Энэ бохир дайралт гүтгэлэг, доромжлолын эзэн гарч ирж байгаа учраас өнөөдрийн хэвлэлийн хурлыг зохион байгуулж байгаа юм.

Би АН-ыг ардчилал, зах зээлийн харилцаа, хувийн хэвшлийг дэмждэг нам гэж бодож ирсэн ч өнөөдрийн ардчилсан намын хүмүүсийг хараад үнэхээр их харамсаж байна.

Ч.Хүрэлбаатар 100 жилээр гадаад иргэдэд газар эзэмшүүлэхээр боллоо гэсэн гүтгэлгийг тарааж байна. Үнэндээ 1993 онд гадаадын хөрөнгө оруулалтын хуулиар "гадаадын иргэдэд газрыг 60 хүртэлх жилээр ашиглуулна. Түүнийг нэг удаа 40 жилэр сунгаж болно" гээд одоогоос 30 жилийн өмнө баталсан. 2013 онд энэ хуулинд өөрчлөлт оруулж, гадаадын иргэдэд 60 жилээр газрыг "ашиглуулж, эзэмшүүлж" болно гэж өөрчилсөн. Гадаадын иргэдэд газар эзэмшүүлэх хуулийг өөрсдөө баталчихаад засах гэж оруулж ирж байгаа хүнийг гүтгэж байна. Бидний хувьд эзэмшүүлэх гэж 2013 онд оруулж ирсэн хуулийг өөрчилж, “эзэмшүүлэх”-ийг “ашиглуулах” болгож байгаа" гэлээ.