БАЙР СУУРЬ: УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Б.Жавхлан, Т.Аубакир, Г.Ганболд, Б.Бейсен нар дахин нэр дэвшиж өрсөлдөхөд бэлэн гэв

БАЙР СУУРЬ: УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Б.Жавхлан, Т.Аубакир, Г.Ганболд, Б.Бейсен нар дахин нэр дэвшиж өрсөлдөхөд бэлэн гэв

Манай Улс парламентын засаглалтай. ОХУ, БНХАУ гэх хоёр том гүрний дунд оршдог Монгол Улсын хувьд парламентын засаглалтай байх нь хамгий зөв гэдгийг эрдэмтэд хэлсээр ирсэн. Тиймээс бидний үнэт зүйл болох парламентын засаглалыг хайрлаж, хамгаалах шаардлага бий. Монгол Улсын Үндсэн хуулинд Засгийн бүх эрх мэдэл ард түмний мэдэлд байна.

Ард түмэн энэ эрхээрээ төлөөллийн байгууллагаараа дамжуулж эдэлнэ гэж заасан байдаг. Тэгэхээр сонгогчид төрд өөрсдийг нь төлөөлөх хүмүүсийг сонгохдоо хариуцлагатай байх ёстой юм. Тус агуулгын хүрээнд одоогийн УИХ-ын гишүүдээс "2024 оны сонгуульд дахин нэр дэвших үү" гэдгийг тодруулж буй тав дахь цувралаа хүргэж байна. Мөн өнгөрсөн хугацаанд ямар хуулийн төсөл санаачилсан тэр хуулийн хэрэгжилт хэр байгааг ч асуув. 

ВИДЕО:

ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖЛИЙН САЙД Ч.ХҮРЭЛБААТАР: Би тойрогтоо нэр дэвшинэ. Анх улс төрд орж байхдаа "Би Увсын ард түмэнг Монголын төрд төлөөлнө. Ямар нэгэн байдлаар тойрог солихгүй, жагсаалтад орохгүй" гэж Увсын ард түмэнд амлаж байсан юм. Төрд төлөөлөх эрхийг Увсын ард түмэн надад өгсөн. Тэд "боль" гэж санал өгвөл би эргэлт, буцалтгүйгээр Монголын улс төрөөс явж МУИС-даа багшилна. Харин МУИС хүлээж авах нь уу, үгүй юу гэдэг асуудал байна. Миний хувьд хамгийн их хууль санаачилсан гишүүдийн нэг. Хууль санаачилснаараа УИХ-даа топ тав дотроо байдаг. Та бүхэн санаж буй бол Шүүхийн хууль дээр ганцхан заалтыг оруулж байлаа. Тэр заалт бүх шатанд дэмжигдэж, хуулинд суусан. Энэ заалтаар их бахархдаг. Тэр нь бүх шүүх хуралдааныг ил тод болгоё гэдэг заалт. Шүүх засаглал ил тод болбол Монгол дэхь олон зүйл засарна. Түүнээс хэн нь илүү чанга хашгирсан нь, тэрбум, тэрбумаар нь нэвтрүүлэг хийсэн нь ялдаг байж болохгүй шүү дээ. Ил тод байдлыг их дэмждэг. Тухайлбал, Биржийн хууль байна. Бирж гэх ганцхан үгийг оруулснаар  маш их зүйл ил тод болсон. УИХ дээр энэ хуулийг хоёр жил дарсан. Бид нэлээн эсэргүүцэлтэй тулгарсан ч шахсаар байгаад батлуулсан. Үүний үр дүнд  80 доллараар зарж байсан нүүрсийг 180 доллараар зарж байна. Нэмэгдэж орж ирж буй 100 доллар Монголын ард түмэнд очно. Биржийн хууль дээр чин сэтгэлээсээ их баярладаг. Ганцхан үгээр ил тод байдлыг л хангасан шүү дээ.  

Боловсролын ерөнхий хуульд бүх шатны судлах үндсэн гадаад хэл нь англи хэл байна гэх заалтыг оруулсан. Маш их эсэргүүцэлтэй тулгарсан ч батлагдсан. Энэ хууль маргааш шууд үр дүнгээ өгөхгүй. Үр дүн нь 10, 20 жилийн дараа гарна. Одоо бас зарим зүйлийг санаачлаад ажиллаж байна. 

УИХ-ЫН ГИШҮҮН Г.ГАНБОЛД: Хувь хүний бодлоос үл хамаарна. Улс төрийн намаас тойрогт судалгаа хийсний дараа нэр дэвшүүлэх эсэхийг шийдэх байх. Намын шийвэр харж байна. Би рейтингийн судалгааг хийлгээгүй. Дэвш гэвэл дэвшинэ. Би Өвөрхангайн Засаг даргар ажиллаж байхдаа хангайн бүсийг хариуцаж байсан. Тэгэхээр Баянхонгор, Өвөрхангай, Архангайг бол мэднэ. Өнгөрсөн хугацаанд Нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах, Зөрчлийн хууль зэрэг олон хуулийг санаачилж ажилласан. Үүний хажуугаар Нүүрсний түр хороо, Оюутолгойн түр хорооны ажлын хэсэгт ажиллаж өнгөрсөн 30 жилийн алдааг засахад идэвх гаргасан. Хулгай хийхгүй байх дээр нэлээн дэвшил болсон байх гэж бодож байна. Миний дарга бол Монголын ард түмэн. Тэр дундаа Өвөрхангайн 118 мянган иргэн. Би тэдний санаа бодлыг чуулганд илэрхийлэх ёстой. 

САНГИЙН САЙД Б.ЖАВХЛАН: Намууд өрсөлдөнө. Тэгэхээр нам шийдвэрээ гаргана. Миний хувьд 2020 оны УИХ-ын сонгуулиар сонгогчдоосоо дэмжлэг авсан. Иргэдийг төлөөлж УИХ, Засгийн газарт ажиллалаа. Тайлангаа тавьж нэр дэвшиж өрсөлдөхөд бэлэн. Санаачилсан хуулийн төслөө хараахан тоолж амжаагүй байна. Өнгөрсөн хугацаанд Засгийн газарт ажиллалаа. Засгийн газраас боловсруулсан хуулийг УИХ-аар батлуулах чиглэлд гишүүдтэйгээ хамтарч ажиллана. Миний дарга бол ард түмэн. Би ард түмний төлөөлөл. 

УИХ-ЫН ГИШҮҮН Т.АУБАКИР: Сонгуулийн жил эхэлчихлээ. Намаас судалгаа хийх байх. Судалгааны дүн "Т.Аубакирыг нэр дэвшүүл" гэж гарвал дэвшинэ. Миний хувьд Чөлөөт бүсийн тухай хуулийг батлуулсан. Мөн Уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр арилжаалах тухай хуулийн ажлын хэсэгт орж ажилласан. Амжилттай болсон. Үр дүнд нь Монголын эдийн засаг өслөө. Тэтгэвэр, цалингаа нэмлээ. Уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр нээлттэй, ил тод дуудлага худалдаагаар борлуулах нь ямар үр дүнтэй юм бэ гэдгийг энэ хууль харуулсан шүү дээ. Одоо Хувийн тэтгэврийн сангийн хуулин дээр ажиллаж байна. Манай улсын Тэтгэврийн сан дампуурчихсан. Төсвийн нэг хэсэг болчихсон. Та, бидний 10, 20 жил төлсөн татвар хаана байгаа нь мэдэгдэхгүй байна шүү дээ. Тэгвэл энэ хуулиар тэтгэврийг өвлөдөг, тодорхой хувийг бэлэн мөнгөөр авдаг зэрэг зохицуулалт орж байна. Мөн миний хувьд Хөрөнгө оруулалтын тухай хуулийг маш их дэмжиж байгаа. Манай улсад хөрөнгө оруулалт ус, агаар мэт хэрэгтэй байгаа. 

УИХ-ЫН ГИШҮҮН Б.БЕЙСЕН:  Тойрогтоо нэр дэвшинэ. Намаас нэр дэвш гэсэн. Судалгааны дүн ч сайн гарсан. Миний хувьд Тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Эрүүл мэндийн тухай хууль, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль гээд олон хууль дээр ажилласан. 

 




Өнөөдөр үхэр өдөр

1 цагийн өмнө