Б.Батцэцэг: Зорилго, очих байр, буцах хугацаагаа мэдэхгүй иргэдийг БНСУ-ын тал хил дээрээсээ буцааж байгаа

Б.Батцэцэг: Зорилго, очих байр, буцах хугацаагаа мэдэхгүй иргэдийг БНСУ-ын тал хил дээрээсээ буцааж байгаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.01.12/ нэгдсэн хуралдаанаар Элчин сайд нарыг эргүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцэж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3, Засгийн газрын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4, Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх заалтыг тус тус үндэслэн Элчин сайд нарыг томилох юм.

Үүнд:

  1. Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Сүхээгийн Сүхболдыг;
  2. Монгол Улсаас Бүгд Найрамдах Польш Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Бархасын Доржийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Гунаажавын Байгалмааг;
  3. Монгол Улсаас Шведийн Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Түвдэндоржийн Жанабазарыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Шведийн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Цэрэндоржийн Мөнх-Өлзийг;
  4. Монгол Улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Воршиловын Энхболдыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суух Байнгын төлөөлөгчөөр Нямдоржийн Анхбаяр нарыг томилохоор холбогдох байнгын хороогоор хэлэлцсэн байна. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг " Туршлагатай хүмүүсийг Элчин сайдад нэр дэвшүүлж байгаад баяртай байна. БНСУ-д суух Энхбат гэх хүнийг Элчин сайдаар томилох саналыг жилийн өмнө чуулганы хуралдаанд оруулж дэмжүүлсэн. Тэр хүний томилгоо яасан болоод С.Сүхболдыг томилох гэж байгаа юм бол. С.Сүхболд гуай бол туршлагатай, мэргэжлийн хүн, их сайн. Сүүлийн үед БНСУ-руу зорчих виз авсан иргэд тус улсын хил дээрээс буцах тохиолдол их байна. Иргэд сэтгэл санаа, хөрөнгө мөнгөөрөө их хохирч байна. Ийм зүйл яагаад гараад байгаа вэ. Үүнд анхаарах шаардлагатай байна шүү" гэлээ. 

Түүний асуултад ГХ-ны сайд Б.Батцэцэг " Элчин сайд нартай байгуулсан гэрээний голлох заалтуудын хэрэгжилтийг хоёр дахь жилдээ гаргаж байгаа. Элчин сайд нартай гэрээ байгуулж эдийн засаг худалдааны хамтын ажиллагааг сайжруулах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, бизнесийн орчинд таатай нөхцлийг бүрдүүлэх чиглэлээр тодорхой үүрэг даалгаврыг өгч ажиллаж байна. Үр дүн гарч байгаа. Сүүлийн хоёр жилд нэлээн олон өндөр дээд хэмжээний айлчлалыг хийсэн. Айлчлал бол харилцааны оргил. Айлчлалын үеэр олон жил ярьсан асуудлыг шийдвэрлэж, баримт бичгүүдийг байгуулсан. Манай Элчин сайд нар баримт бичгийг ажил хэрэг болгоход идэвхтэй ажиллаж байгаа. Тухайлбал, агаарын харилцааг сайжруулах, шууд нислэг хийх, авто тээврийн хэлэлцээр байгуулах зэргээр үр дүн гарсан. Өмнө нь нэр дэвшиж байсан Энхбатын томилгооны тухайд айлын талаас хариу өгөөгүй. Үүний дараа Энхбат нэр дэвшигч өөрийн хүсэлтээр татгалзсан. Тиймээс шинээр хүн нэр дэвшүүлсэн. БНСУ-д  450 мянган гадаадын иргэн ажил хийж байна. БНСУ-ын Хууль зүйн яамны шийдвээр хууль бус ажилчдын тоог 50 хувь хүртэл бууруулах компанит ажлыг хийж байгаа юм билээ. 2023 онд шалгалтыг нэлээн эрчимжүүлсэн. Ганцхан монгол иргэдийг буцаагаагүй.  Бид БНСУ-ын талтай энэ талаар байнга ярилцаж, ойлголцож нэгэнт виз олгосон бол оруулах тал дээр анхаарч өгнө үү гэх хүсэлтийг илэрхийлж байгаа. Ямар зорилготой явж байгаа, буцах хугацаагаа мэдэхгүй, очих газрынхаа хаягийг мэдэхгүй байгаа хүмүүсийг буцааж байгаа гэх хариултыг айлын талаас бидэнд өгдөг. Гадаад харилцааны яам, Консулын хэлтэс иргэдэд зориулсан байнгын сэрэмжлүүлгийг хүргэж байна" гэлээ. 




Улаанбаатарт 21 градус дулаан байна

1 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр луу өдөр

1 цагийн өмнө